“БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА БОЛОН СҮМ ХИЙДИЙН ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэн баталсан. Дээрх хуулийг 2024 оны 09 дүгээр  сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23.8 дахь хэсэгт “Боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн орчны аюулгүй байдалд нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан. 

Дээрх эрх зүйн зохицуулалтын хүрээнд Боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн орчны аюулгүй байдалд нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсролын сайдын хамтарсан  тушаалын төслийн хавсралтаар батлах шаардлага үүссэн.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23.8 дахь хэсэгт “Боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн орчны аюулгүй байдалд нөхцөл байдлын үнэлгээ хийх журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж  тус тус заасныг үндэслэн уг журмын төслийг боловсрууллаа.  

Боловсролын сургалтын байгууллага, сүм хийдийн орчны аюулгүй байдалд нөхцөл байдлын үнэлгээ хийх журам батлах тухай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалын төсөлд Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйл, Хууль зүйн сайдын 2018 оны А/147 дугаар тушаалаар баталсан “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын дагуу нөлөөллийн шинжилгээг хийсэн. 

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд энэхүү журмын төслийг боловсрууллаа. Журмын төсөлд өгөх саналаа azjargal@mflsp.gov.mn; хаягаар ирүүлнэ үү. 


---oOo---






Хавсралт файл
Гарчиг Татах
1 “Боловсролын сургалтын байгууллага болон сүм хийдийн орчны аюулгүй байдалд нөхцөл байдлын үнэлгээ хийх журам”-ын төсөл
Дээш