“ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАНД НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ЭРХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төслийг хэлэлцэн баталсан. Дээрх хуулийг 2024 оны 09 дүгээр  сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт “36.5.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх, мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж заасан. 

Дээрх эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх, мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох харилцааг зохицуулсан журмыг батлах шаардлага үүссэн.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана” гэж, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт “36.5.Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх, мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж тус тус заасан.  

Дээрх хуулийн заалтыг тус тус үндэслэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлах Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх, мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмын төслийг боловсрууллаа. 

Журмын зорилт нь нийгмийн ажилтны мэргэшил, ур чадварын өсөлтийг дэмжих, нийгмийн ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах баталгааг хангах зорилгоор тэдгээрт нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх олгох, мэргэшлийн зэрэг олгох асуудлыг зохицуулна.

Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанд нийгмийн ажлын үйлчилгээ явуулах эрх, мэргэшлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам батлах тухай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын төсөлд Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйл, Хууль зүйн сайдын 2018 оны А/147 дугаар тушаалаар баталсан “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын дагуу нөлөөллийн шинжилгээг хийсэн. 

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд энэхүү журмын төслийг боловсрууллаа. Журмын төсөлд өгөх саналаа azjargal@mflsp.gov.mn; хаягаар ирүүлнэ үү. 


---oOo---


Хавсралт файл
Гарчиг Татах
1 “ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАНД НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ЭРХ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛ
Дээш