С.Чинзориг: Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их хурал, Засгийн газрын гишүүдээ,
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайд, ноён Штефан Дуппел болон
Олон улсын байгууллагын хамтран зүтгэгч нараа, Багш, оюутан суралцагч, зочид төлөөлөгчдөө!
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн боловсрол, сургалт-Ажилсаг Монгол” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Мэргэжлийн өндөр ур чадвартай, хөдөлмөрийн соёлтой, ажилсаг монгол хүний төлөө Та бид тал талаасаа нэгдэх, ажил үйлсээ уялдуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай цаг үе ирлээ.
Өчигдөр бид зөвлөгөөнийг салбар хуралдаануудаар эхлүүлсэн. Өнөөдөр олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлага, өөрийн орны онцлог шаардлагыг харгалзан мэргэжлийн боловсрол, сургалтын өнөөгийн байдалд бодитой дүгнэлт хийж, тулгамдсан асуудлаа тодорхойлон, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээгээ зөвлөлдөж санал нэгдэхэд та бүхний оролцоо чухал байна. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх асуудлыг дэлхийн улс орнууд бодлогынхоо тэргүүлэх түвшинд тавьдаг. Шинжлэх ухаан, техник, технологийн өндөр хурдацтай хөгжил, даяаршсан, нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн өнөөгийн нөхцөлд мэргэжлийн боловсрол, сургалтын талаар анхаарах асуудлууд цөөнгүй байна.
Мэргэжлийн боловсрол, мэргэшсэн чадварлаг боловсон хүчний бодлогоо хэрэгжүүлж чадсан улс орон хөгжиж байна.
Эрхэм хүндэт зочид оо !
“Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал-2030”-д “Хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд нийцүүлэн мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог боловсронгуй болгож, төгсөгчдөд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшүүлэх” зорилгын хүрээнд: 2020 он гэхэд “Нийгмийн түншлэл дээр үндэслэн мэргэжлийн боловсрол, сургалтын багшлах боловсон хүчнийг чадваржуулж, дадлагын баазыг өргөжүүлж, суралцагчдын тоог 60.0 мянгад хүргэх”, 2030 он гэхэд үндэсний ажиллах хүчний хэрэгцээг мэргэжлийн өндөр ур чадвартай ажиллах хүчнээр бүрэн хангах зорилтуудыг дэвшүүлсэн байна.
Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогыг бүх салбарт баримтлах замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-аас дээш хувиар бууруулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, удирдах ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчдийг чадваржуулах зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр заасан.
Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын шинэчлэлийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тодорхой ажлуудыг хийж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж сургалтад ашиглаад багагүй хугацаа өнгөрчээ. Хамгийн сүүлд гэхэд 2016 оноос хойш Нэгдсэн Үндэстний байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, Монголбанктай хамтран эрүүл мэнд, бизнес аж ахуй эрхлэлт, зөв амьдрах ухаан, гамшгийн мэдлэг олгох хичээлийг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд тусгасан. Мөн I-VI түвшний 28 мэргэжлийн “Ажил мэргэжлийн лавлах”-ыг Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлөөр батлуулсан.
2017 онд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд ”Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал”-ын олон улсын чанарын удирдлагын тогтолцоо, үндэсний магадлан итгэмжлэлд хамрагдсан, салбар дундын “Чадамжийн төв”-ийг байгуулсан, тэргүүн туршлага, ноу-хау, шинэлэг технологи, үйлчилгээг нэвтрүүлж оюуны өмч, улсын бүртгэлийн барааны тэмдэг эзэмших онцгой эрхийн эзэмшигчид болсон байна. Ингэснээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээгээ эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдүүлж, сургалтын байгууллагуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үнэ цэнэ үнэлэмжийг өсгөх, чадамжийн төвүүдийг түшиглэн бусад сургалтын байгууллагын багш нарыг дадлагажуулах зэргээр давуу талууд бий болох юм.
Бодлого, зорилтоо хэрэгжүүлэх хүрээнд чадамжид суурилсан сургалтын тогтолцоонд шилжиж, сургалтын агуулгад үйлдвэрлэлийн дадлага давамгайлах болсонтой уялдан сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулж, багшаа чадваржуулах, дадлагын бааз, лабораторийг шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн нь үр өгөөжөө өгч байна. Чанарын баталгаажилтыг хангах цогц арга хэмжээний хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээний төвийг олон улсын жишгээр байгуулан ажиллуулж байна.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж, баталгаажуулах, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах ажлыг эхлүүлж 2018 оны 5 сарын байдлаар ажил олгогч нартай хамтран эрчим хүч, зам тээвэр, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын 23 мэргэжлээр 2222 иргэний ур чадварыг үнэлэн холбогдох боловсролын баримт бичгийг олгож, 204 сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийсэн байна. Үнэлгээнд хамрагдсан эдгээр 2222 иргэн албан бус боловсрол, сургалтаар эсвэл гадаадад ажиллаж амьдарч байгаа ирсэн иргэд бөгөөд тэдний ур чадварыг үнэлж баталгаажуулснаар ажлын байртай болоход дэмжлэг болж байгаа бөгөөд цаашид бусад иргэний мэргэжил, мэргэшлийн түвшинг үнэлэх, гэрчилгээжүүлэх ач холбогдолтой юм.
Тус төв нь 2018 оны 05 дугаар сард албан ёсоор нээлтээ хийж өнөөдрийн байдлаар 16 салбарын 130 төлөөллөөс бүрдсэн үнэлгээний багийг байгуулан 68 мэргэжлээр 6500 орчим иргэний мэргэшлийн түвшин, ур чадварыг үнэлж, 650 орчим төгсөгчдийн төгсөлтийн үнэлгээнд хөндлөнгийн баталгаажуулалт хийх зэргээр өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрч баталгаажуулжээ. Мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжилд багшийн ур чадвар, багшийн хөгжил, багшийн нийгмийн баталгаа нь цаг ямагт анхаарах асуудал байдаг.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолоор баталсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу үндсэн цалингийн 5 хуртэлх хувьтай тэнцэх хэмжээний улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг сар бүр тооцож улирал бүр олгох боломжийг бүрдүүлсэн. Мөн 2017 оны 10 сараас эхлэн шинээр зөвлөх, тэргүүлэх багшийн мэргэжлийн зэргийн шаардлага хангасан 223 багшид зэргийн нэмэгдэл урамшуулал олгож байна.
2017 онд олон улсын төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр давхардсан тоогоор ажил олгогч компаниудын 273 ажилтныг дадлагажуулагч багшаар, үйлдвэрлэлийн сургалтын 123 багш, үнэлгээний 76 багш, төрөл бүрийн түгээн дэлгэрүүлэх сургалтад 1629 багш, ажил олгогч, 650 удирдах албан тушаалтныг мэргэшил дээшлүүлэх сургалт болон ур чадвар, хүний хөгжлийн сургалтад гадаад, дотоодод хамруулж чадавхижуулсан байна. Харин 2018 оны 1-5 сард донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2100 багш, удирдах ажилтныг дахин чадавхжуулсан бөгөөд дашрамд дурдахад мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжлийн асуудлаар хамтран ажиллаж байгаа Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Азийн хөгжлийн банк, Европын холбооны төслийн баг, хамтран зүтгэгчиддээ чин сэтгэлийн талархал илэрхийлэхийг хүсэж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын чанарын баталгаажилтыг хангах, төрөлжүүлэн хөгжүүлэн асуудалд сүүлийн 2 жил донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр тууштай анхааран ажиллаж байгаа.
Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн төслийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсрол, сургалтыг аж үйлдвэрийн эрэлт хэрэгцээ, олон улсын стандартад нийцүүлэх, түншлэл, хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх, цогцолбор байдлаар хөгжүүлэх зорилгоор Дорнод политехник коллежийг үйлдвэрлэлийн механик, хүнд машин механикмын засварчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр, Дарханы Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийг цахилгаан, уулын ашиглалт, мехатроникийн чиглэлээр, Өмнөговь политехник коллежийг гагнуур, үйлдвэрлэлийн механик, автомашины механик, хүнд машин механикийн засварчны чиглэлээр төрөлжүүлэн ЧАДАМЖИЙН ТӨВҮҮД-ийг бий болгон хөгжүүлнэ.
Мөн Азийн хөгжлийн банкны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд 25 хүртэлх мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг барилга, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарын мэргэжлээр төрөлжүүлэн, тухайн мэргэжлийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангах, салбар дундын полигон, үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн 3 төв байгуулна. Төслийн хүрээнд барилгын мэргэжлийн чиглэлээр Барилгын политехник коллежийг, авто зам, тээврийн мэргэжлийн чиглэлээр Налайх МСҮТ-ийг, хөдөө аж ахуйн чиглэлээ Төв аймгийн Баянчандмань суман дахь МСҮТ-ийг тус тус ҮНЭЛГЭЭ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ТӨВ болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.
Энэхүү барилгын, хөдөө аж ахуйн, авто зам тээврийн салбарын Үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн төвөөр тус 3 салбарын мэргэжлээр сургалт явуулж байгаа бүх сургалтын байгууллага өөрийн үнэлгээг хийх, мэргэжлийн холбоод, нийгмийн түнш байгууллагуудтай хамтран үнэлгээ, гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, мэргэжлийн багш нарыг дадлагажуулах, үндэсний болон дэлхийн ур чадварын тэмцээнийг олон улсын үнэлгээний шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэх зэргээр үйл ажиллагаа өргөжин тэлэх юм.
2016 онд 91 МСҮТ, политехник коллеж үйл ажиллагаа явуулж байсан нь Монгол Улсын хүн амын тоотой харьцуулан үзэхэд хэт их тоо байгаа юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хуулийн дагуу шат дараатайгаар хяналт, үнэлгээг хийж 2017 онд 1, 2018 онд 5 МСҮТ-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Иймд сургалтын байгууллагууд мэргэжлийн чиглэл, элсэлт, төгсөлт, төгсөгчдийн ажлын байраар хангах, сургалтын үйл ажиллагааг сайжруулан өрсөлдөх чадвараа улам дээшлүүлэх хэрэгтэй. Цаашид ч МСҮТ, Политехник коллежийш чанаржуулах, цөөлөх, төрөлжүүлэх бодлого баримтална. 2018 оны байдлаар улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 85 байгууллагад 2656 багш ажиллаж, 35.8 мянган суралцагч суралцаж байна. Сүүлийн 3 жилийн статистик мэдээллээс үзэхэд МСҮТ, Политехник коллежийг жил бүр дунджаар 19,5 мянга орчим суралцагч төгсөж, төгсөгчдийн 46-50 гаруй хувь нь жилийн дотор байнгын ажлын байртай болж, 8-10% нь их, дээд сургуульд шатлан суралцаж байна. Энэ нь дунджаар төгсөгчдийн 54-65 хувь нь ажилтай, сургуультай болж байгаа гэсэн үг юм. Энэ нь их, дээд сургуулийн төгсөгчидтэй харьцуулахад өндөр хувь юм.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэр дээр дадлага сургалтыг зохион байгуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, ажил, мэргэжлийн лавлах, сургалтын хөтөлбөр боловсруулах, хөндлөнгийн үнэлгээ хийх, ур чадварын тэмцээнийг зохион байгуулах, ажлын байраар хангахад нийгмийн түншлэгч байгууллагуудын оролцоо чухал юм.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 363 тоот тогтоолын дагуу 2015 онд Бразил Улсад болсон “Дэлхийн ур чадвар”-ын 43 дахь удаагийн Олон улсын тэмцээнд 9 мэргэжлээр, 2017 оны 10 дугаар сард Арабын Нэгдсэн Эмират Улсад 6 мэргэжлээр оролцсон бөгөөд 2015 оны токарийн мэргэжлийн оролцогч Эрдэнэт үйлдвэр ХХК, 2017 оны гагнуурын мэргэжлийн оролцогч Оюу Толгой ХХК-д урилгаар ажиллаж байна. Иймээс бид нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бататгах, ойр нягт ажиллах үүднээс Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр “Нийгмийн түншлэл” гэсэн бүлэг оруулан тусгаж байна. 2016, 2017 онд Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн өссөн дүнгээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 1075 төгсөгчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд хамрагдаж 599 ажлын байр бий болгожээ.
Мэргэжлийн боловсрол, сургалтад төр, хувийн хэвшлийн түншлэл, ажил олгогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар төгсөгчдийг ажлын байраар хангах, ажил олгогчдод хэрэгцээтэй ур чадвартай, мэргэжилтэй ажилтныг бэлтгэн нийлүүлж хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах, өсөн нэмэгдүүлэх шаардлагатай.
Эдийн засгийн өсөлт саарч, бизнес эрхлэх боломж хумигдсанаар хүн амын хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, ажилгүйдлийн түвшин 2011-2016 онд 7.7 хувиас 10.0 хувь болж өссөн, ажиллах хүчний оролцооны түвшин 62.5 хувиас 60.5 хувь болж буурсан, ядуурлын түвшин 2014 онд 21.6 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж өссөн зэрэг хүн амын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд тааламжгүй байна. Энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө манай Засгийн газар ажиллаж байна. “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилтын хүрээнд ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх, хадгалах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Хамгийн тэргүүнд ажилгүйдэл, ядуурлыг дунд хугацаанд бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий салбар дундын уялдааг хангасан “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах 2018-2020 оны арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Мөн ойрын хугацаанд эдийн засгийн салбаруудын ажиллах хүчний эрэлт, хэрэгцээний тооцоо судалгааг гаргаж шаардлагатай мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэхэд томоохон төслүүд болон бүтээн байгуулалтын салбаруудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Ажилгүйдэл, ядуурлын түвшингийн харилцан адилгүй байдлаас шалтгаалж хөдөлмөрийн зах зээлийн онцлог, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжүүдэд тохирсон хөдөлмөр эрхлэлтийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, орон нутгийн ажилгүй иргэдэд чиглэсэн гэрээт малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ур чадварт нийцсэн ажлын байрыг бий болгох, нэмэгдүүлэх, зохион байгуулалттай хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа бөгөөд эдгээр төслүүдийн хүрээнд эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэгийн арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн хөдөлмөрийн зах зээлийн бүлгүүд болох ахмад настан, залуучууд, шинээр МСҮТ, Политехник коллеж төгсөгчид, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийн онцлогт тохирсон зорилтот, тусгайлсан болон дадлагажуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж 2018 онд 40.0 мянгаас доошгүй ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, жижиг зээлийн эргэлтийн хөрөнгийг 25.9 тэрбум төгрөгт хүргэж өсгөх зорилгыг тавиад байна.
Үүнээс гадна 2017 оны 12 дугаар сард Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Япон улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам хооронд “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-т байгуулсны дагуу Монгол залуучуудаа Японы техникийн ур чадвар, шинэ техник, мэдлэгийг эзэмшүүлэх, дадлагажуулах замаар хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилтыг тавиад байна. Мөн ХБНГУ-д мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг дадлагажуулан мэргэшүүлэх үйл ажиллагааг эхлүүлж Барилгын политехник коллежид герман хэлний хичээлийг сургалтад хөтөлбөр төлөвлөгөөнд оруулан зааж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд шинээр “Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан.
Уг санамж бичгийг байгуулснаар Хөдөлмөрийн зах зээлийн бодлого, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, Залуучууд, эмэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн бодлого, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, багш нарыг чадавхжуулах, үндэсний ур чадварыг дээшлүүлэх зэрэг олон асуудлын хүрээнд хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн ажил олгогч, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл, ажил хайгчийн системийг шинэчилж, онлайн хэлбэрээр үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр болсон.
Цаашид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс дараах тулгамдаж буй асуудлыг шийвдэрлэхээр зорьж байна. Үүнд:
- Суурь боловсрол эзэмшсэний дараа 2,5-аас доошгүй жил суралцаж мэргэжлийн болон бүрэн дунд боловсролыг хамтад нь эзэмшиж төгсдөг. Төгссөний дараагаар хөдөлмөр эрхлэх эрх зүйн бүрэн чадамжгүй байдаг тул ажил олгогчид насанд хүрээгүй гэх шалтгаанаар ажилд авахгүй байх нь их байдаг. Иймд 2,5 жилийн сургалтыг 3 жил болгох талаар судалгаа хийж шийдвэрлэх;
- Сургалтын байгууллагын хөгжлийн чиг хандлагыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн төлөвлөх, сургалт-үйлдвэрлэлийг хослуулсан шинэ техник технологийн дэвшил, инновацид суурилсан шинэ мэргэжлүүдийг нээн илрүүлэх, зарим мэргэжлүүдийг нэгтгэн хос мэргэжлийг бий болгох замаар мэргэжлийн чиглэл, нэр индекс, түвшинг дахин шинэчлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүндрэл бэрхшээлд тохирсон 1 жилийн хугацаатай суралцах мэргэжлүүдийг багцлан тусгайлан тодорхойлох;
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх санал боловсруулах, багшийн ажлын байрыг үнэлэх;
- Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн өөрийн үйл ажиллагааны орлогоос нь санхүүжих эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах, хууль эрх зүйн орчинг бий болгох;
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив болон дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг шинэчлэн нэмэгдүүлэх
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын өөрийн үйл ажиллагаанаас орлого олох, зарцуулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор “Төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг зарцуулах, тайлагнах, нягтлан бодох бүртгэлд тусгах, хяналт тавих” журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж шийдвэрлэх;
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад олгох тэтгэлэгийн тооцоо, судалгааг хийн шаардагдах санхүүжилтийг төсөвт тусгах;
- Элсэлтийн бодлого журмыг шинэчлэх
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдыг сурах бичгээр хангах, шаардлагатай санхүүжилтийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусгах ажлыг анхааран ажиллаж байна.
Эдгээр шийдвэрлэх асуудлыг тусгасан “Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газарт дахин хүргүүлэх бөгөөд УИХ, Засгийн газар нааштайгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Мөн Монгол Улсын Засгийн газар бүх шатны боловсролын байгууллагын багшийн ажлын ачаалал, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг анхааран ажиллаж, 2018 оны IV улиралд инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх талаар ОУВС-тай тохиролцоонд хүрээд байгаа бөгөөд 2019, 2020 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг мөн инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр төлөвлөж байна.
Нийгэм, эдийн засгийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан мэргэжлийн боловсрол, сургалтын харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, мэргэшлийн үндэсний хүрээг бүрдүүлэх, сургалтын байгууллагын чанарын баталгаажилтийг хангах, төрөлжүүлэн хөгжүүлэх, олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох, нийгмийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар ажиллаж байгаа бөгөөд хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг батлуулаад байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 110 тоот тогтоолоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийг Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар болгон чиг үүргийг өргөжүүлэхийн зэрэгцээ удирдах зөвлөлд орон нутгийн удирдлагын төлөөллийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажлын уялдааг сайжруулах боломж бүрдүүллээ. Иймээс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээ шаардлагын дагуу элсэлт, төгсөлтийг зохин байгуулах, суралцагч, багшийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сургалтын байгууллагын бие даасан тогтвортой байдал, төрөлжүүлэн хөгжүүлэх, удирдлагын менежментийг сайжруулах замаар чанарын баталгаажилтыг улам сайжруулан хамтдаа урагшлахыг уриалж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын эрхэм гишүүд, Элчин сайд, төсөл хөтөлбөрийн байгууллага, хамтран зүтгэгч Та бүхнийг мэргэжлийн боловсрол, сургалтын хөгжилд анхаарлаа хандуулж байгаад талархлаа илэрхийлэхийн ялдамд цаашид ч салбарын үйл ажиллагааг дэмжин ажиллаж салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.
Та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе!