НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос 2023 онд ирүүлсэн зөвлөмж


Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн Хороо

Зургаан зуун наян нэг дүгээр хуралдаан

2023.10.05

Монгол улсын хоёр болон гуравдугаар нэгтгэсэн тайланд хийсэн ажиглалт, дүгнэлт*

I. Оршил

1.      Хороо Монгол Улсын хоёр болон гуравдугаар ээлжит нэгтгэсэн тайланг тус хорооны 2023 оны 8 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд явагдсан 658 болон 659 дүгээр хуралдаанаар хэлэлцэв. Тус хороо 2023 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 681 дүгээр хуралдаанаараа энэхүү ажиглалт, дүгнэлтийг хэлэлцэн батлав.

2.      Хорооноос   бэлтгэсэн асуудлын жагсаалтад хариу өгөх тухай тайлангийн удирдамжийн дагуу бэлтгэгдсэн Монгол Улсын хоёр болон гуравдугаар нэгтгэсэн тайланг болон оролцогч улсаас ирүүлсэн нэмэлт мэдээллийг хороо сайшааж байна.

3.      Олон талт, олон салбарыг хамарсан, Засгийн газрын холбогдох яамдын төлөөллөөс бүрдсэн оролцогч улсын төлөөлөгчидтэй үр дүнтэй, чин сэтгэлийн яриа өрнүүлсэнд Хорооны зүгээс өндрөөр үнэлж байна. Хэлэлцүүлгийн дараа оролцогч улсаас бичгээр ирүүлсэн нэмэлт мэдээллийг хороо сайшааж байна.  

II. Ололт амжилт

4.      Хороо "Хараагүй, харааны бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгох тухай Марракешийн гэрээ"-г Монгол Улс 2016 онд соёрхон баталж, дараахь хууль тогтоомжийг баталж, холбогдох бүтцийг бий болгосныг талархалтайгаар тэмдэглэж байна. Үүнд:

          (a) 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан;

          (б) 2021 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан;

          (в) 2018-2022 оныг хамрах Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг баталсан;

          (г) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийг, чиглэлийн яамдад дэд зөвлөл, аймаг, нийслэлд салбар зөвлөлийн бүтцийг 2016 онд байгуулсан;

          (д) Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын төв комиссыг 2016 онд байгуулсан;

          (е) 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсан;

          (ж) Монгол дохионы хэлний тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийг 2023 онд байгуулсан тус тус болно.

 

III. Тулгамдсан асуудлууд ба зөвлөмжүүд

 

A. Ерөнхий зарчим ба үүрэг (1-4 дүгээр зүйл)

 

5. Хороо дараахь асуудлуудад тусгайлан анхаарах шаардлагатайг онцолж байна. Үүнд:

          (а) Монгол Улсын Үндсэн хуульд хөгжлийн бэрхшээлийн улмаас ялгаварлан гадуурхахын эсрэг заалт байхгүй, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой хууль тогтоомж, бодлого нь конвенцод бүрэн нийцээгүй байгаа;

          (б) Оролцогч улсын хууль тогтоомж, дүрэм журам, практикт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах эрүүл мэндэд суурилсан загвар давамгайлсан хэвээр байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгэмд оролцох боломжийг чөдөрлөж, зохих үйлчилгээ, дэмжлэг авах боломжийг хязгаарлах зэргээр сөрөг нөлөө үзүүлж байна;

          (в) Бодлого боловсруулагчид, шүүгч, прокурорууд, багш нар болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажилладаг эмнэлэг, эрүүл мэндийн болон бусад мэргэжилтнүүдийн дунд конвенцод хүлээн зөвшөөрөгдсөн эрхийн талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаа байдал.

6. Хорооноос Оролцогч улсад дараахь зөвлөмжийг өгч байна. Үүнд:

            (a) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусдын нэгэн адил эрх эдлэгч гэж хүлээн зөвшөөрч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, оюуны бэрхшээлтэй хүмүүс, сэтгэц-нийгмийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй төлөөллийн байгууллагаар нь дамжуулан нягт зөвшилцөн тэдний идэвхтэй оролцоотойгоор үндэсний бүх хууль тогтоомж, бодлогыг конвенцод нийцүүлэн өөрчлөх, хөгжлийн бэрхшээлд үндэслэн ялгаварлан гадуурхалтын эсрэг заалтыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан тусгах;

(б) Үндэсний бүх хууль тогтоомж, бодлогыг хянаж тэдгээрийг конвенцод нийцүүлэх ингэхдээ хөгжлийн бэрхшээлийн хүний эрхийн загварыг дотоодын хууль тогтоомжид нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй хууль эрх зүйн болон орчны саад бэрхшээлийг үнэлэхэд чиглэсэн тогтолцоог бий болгох түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах, тэдний нийгмийн бүрэн оролцоог хөхюулэн дэмжихэд шаардлагатай дэмжлэг, туслалцаагаар хангах зохицуулалтыг бий болгох;

(в) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй төлөөллийн байгууллагаар нь дамжуулан, нягт зөвшилцөж тэдний идэвхтэй оролцоотойгоор төрийн бодлого боловсруулагчид, шүүгч, прокурор, багш болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажилладаг эмнэлгийн, эрүүл мэндийн болон бусад мэргэжилтнүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх болон конвенцод оролцогч улсын хүлээсэн үүргийн талаар мэдлэгжүүлж, чадавхжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.

7.       Хороо дараахь асуудалд анхаарах шаардлагатайг онцолж байна.

(a) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн бүх түвшинд болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий  газрын үр дүнтэй зохицуулалт хийж, үйл ажиллагаа явуулахыг баталгаажуулсан зохист арга хэмжээ дутмаг байгаа;

(б) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр (2018-2022)-ийг хэрэгжүүлэхэд төсвийн хуваарилалт дутмаг, мөн салбар хоорондын хамтын ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хангалтгүй байна.

8.       Хороо Оролцогч улсад дараахийг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд:

(a) Үндэсний хууль тогтоомжийг конвенцод нийцүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хөхиүлэн дэмжих, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдгээрийн төлөөллийн байгууллагууд, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх чиглэлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөл бүхий л түвшинд, түүнчлэн үндэсний болон орон нутгийн салбар зөвлөлүүд болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын үр дүнтэй үүрэг оролцоо, үйл ажиллагаа болон шаардлагатай зохицуулалтаар ханган ажиллахыг баталгаажуулсан механизмыг бий болгон хэрэгжүүлэх;

(б) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр (2018-2022)-ийг хэрэгжүүлэх, түүний хэрэгжилтэд нь хяналт тавих, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хугацааг 2022 оноос хойш сунгах зорилгоор төсвийн хуваарилалтыг нэмэгдүүлэх, салбар хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг хангахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

9.    Хороо нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэдгээрийн төлөөллийн байгууллага, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төрөлжсөн байгууллагуудаар нь дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй  холбоотой асуудлаар хууль тогтоомж, бодлого,  хөтөлбөрүүдийн  шийдвэр гаргах үйл явцад хангалттай оролцуулж чадахгүй байгаад санаа зовниж байна.

10. Хороо нь тус хорооны 7 дугаар Ерөнхий тайлбар (2018)-ыг сануулан Оролцогч улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн шийдвэр гаргах үйл явцад идэвхтэй оролцох , мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, оюуны бэрхшээлтэй хүмүүс, сэтгэц нийгмийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй интерсекс хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй дүрвэгсэд болон цагаачид, аутизмтай хүмүүс, лесби, гей, бисексуал, трансжендэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өндөр түвшний дэмжлэг шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг ялгаатай хэрэгцээ бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийн бүхийл  байгууллагуудтай нягт зөвшилцн  утга учиртай оролцоог нь баталгаажуулсан механизмыг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

           B.     Тусгай эрх (5-30 дугаар зүйл)

       Адил тэгш байдал ба үл ялгаварлан гадуурхалт (5 дугаар зүйл)

11. Хороо дараахь асуудалд анхаарах шаардлагатайг онцолж байна.

(a) Оролцогч улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхахын эсрэг тусгайлсан иж бүрэн хууль тогтоомж гаргах, мөн иргэний, захиргааны болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар зохих хэмжээнд, үр дүнтэй эрхээ сэргээж, эрхийн зөрчилд хариуцлага тооцуулах боломжийг бий болгох үндэс болсон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалтын талаарх эрх зүйн тодорхойлолтыг бодлого, хууль тогтоомжид уялдуулан тусгах арга хэмжээг хараахан аваагүй байна;

(б) Шаардлагатай тохируулгаар хангахаас татгалзах нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг амьдралын бүхий л түвшинд ялгаварлан гадуурхах хэлбэр гэж хүлээн зөвшөөрөөгүй байна;

(в) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах олон болон давхацсан хэлбэр, ялангуяа хөгжлийн бэрхшээл, нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, хэл, иргэншил, шилжин суурьшилтын байдлаар ялгаварлан гадуурхах хэлбэрүүдийг хууль тогтоомж ба бодлогод хүлээн зөвшөөрөх нь дутмаг байна.

12. Хороо нь 6 дугаар Ерөнхий тайлбар (2018) болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын 10.2, 10.3 дугаар зорилтыг эргэн сануулж, Оролцогч улсад дараахь зөвлөмжийг өгч байна. Үүнд:

            (a) Хүнийг хөгжлийн бэрхшээлээр нь шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхах, тухайлбал дарамтлах, хүчирхийлэх, шаардлагатай тохируулгаар хангахгүй байх, олон болон давхацсан  хэлбэрээр ялгаварлан гадуурхахын эсрэг тэгш, үр дүнтэй хамгаалалт бүхий цогц хуулийг батлах;,

           (б) хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нас, хүйс, арьс өнгө, үндэс угсаа, хүйсийн илэрхийлэл, бэлгийн чиг баримжаа эсвэл бусад статусаар нь давхар, хавсарч ялгаварлах хэлбэрүүд байдгийг анхаарч, эдгээр олон болон давхцсан хэлбэрийн ялгаварлан гадуурхалтыг арилгах стратеги батлах 

(в) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй тэдгээрийн төлөөллийн байгууллагаар нь дамжуулан нягт зөвшилцөж, идэвхтэй оролцоог нь хангах замаар шаардлагатай тохируулгаар хангах асуудлыг холбогдох бүх хууль тогтоомж, бодлогод тусгахын зэрэгцээ тэдгээрийг хэрэгжүүлэх журам, стандартыг батлах, тухайлбал холбогдох тохируулгаар хангуулах тухай өргөдөл гаргагч(ууд)-тай шаардлагатай тохируулгын талаар хэлэлцээр хийх үүрэг, авах арга хэмжээ болон эрхээ сэргээх боломжийг тусгасан байх.

Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд (6 дугаар зүйл)

13. Хороо нь дараахь асуудалд анхаарах шаардлагатайг онцолж байна.

(a) Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой хууль тогтоомж, бодлогод жендэрийн үзэл баримтлал, түүнчлэн жендэртэй холбоотой хууль тогтоомж, бодлогод хөгжлийн бэрхшээлийн  үзэл баримтлалыг дутмаг суулгасан байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийг цаашид ялгаварлан гадуурхах, алагчлах мөн нийгмээс тусгаарлагдахад хүргэхийг;

(б) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд зориулсан хөгжлийн бэрхшээлийн хүний эрхийн загварт суурилсан жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт дутмаг;

(в) Үндэсний хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эсрэг давхацсан ялгаварлан гадуурхалтын асуудлыг тодорхой тусгаагүй, түүнчлэн бодлогын хариу арга хэмжээг боловсруулах үүднээс хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, охидод тулгарч буй олон болон давхацсан ялгаварлан гадуурхалтын талаар хийсэн мэдээлэл, судалгаа байхгүй;

(г) Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн төлөөлөл Жендэрийн үндэсний хороонд байхгүй, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэлт, олон нийт, улс төрийн амьдрал, шийдвэр гаргах түвшин болон шүүх эрх мэдлийн хүрээнд чадавхжуулах хөтөлбөр дутмаг байгаа байдал.

       14. Хороо нь хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн асуудлаар гаргасан 3 дугаар Ерөнхий тайлбар (2016) болон Тогтвортой хөгжлийн зорилтуудын 5 дугаар зорилтын талаар эргэн сануулж, Оролцогч улсад дараахь зөвлөмжийг өгч байна.

(a) Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эрхийг жендэрийн бүхий л хууль тогтоомж, тэр дундаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд тусгаж, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой бодлого, хөтөлбөрүүдэд жендэрийн үзэл баримтлалыг тусгахын зэрэгцээ жендэр, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдтэй тэдгээрийн төлөөллийн байгууллагаар дамжуулан нягт зөвлөлдөж, идэвхтэй оролцуулах;

(б) Хөгжлийн бэрхшээлийн ерөнхий асуудалтай холбоотой аливаа хөтөлбөр, арга хэмжээг жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл баримтлалд тулгуурлан төлөвлөж, төсөвлөхийг баталгаажуулсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

(в) Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтын олон болон давхацсан хэлбэр байдгийг хууль тогтоомждоо танин тусгаж, жендэрийн  үзэл баримтлал болон ялгаварлан гадуурхалтын давхацсан байдлыг харгалзсан судалгааны мэдээлэл, үр дүнд үндэслэн тодорхой хууль тогтоомж, стратегийг батлах;

(г) Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийг амьдралын бүхий л салбарт чадавхжуулах, бүрэн оролцоог нь дэмжих, түүнчлэн төрийн шийдвэр гаргах бүх үйл явцад татан оролцуулахад чиглэсэн арга хэмжээ авах. Оролцогч улс нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг Улсын Их Хурал, Жендэрийн үндэсний хороо, төрийн байгууллага, шүүх эрх мэдлийн байгууллага зэрэг шийдвэр гаргах түвшинд улс төрийн амьдралд өөрсдийгөө төлөөлөх боломжоор хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд (7 дугаар зүйл)

15. Хороо нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй зөвлөлдөх, тэдэнд өөрсдөд нь хамааралтай бүх асуудлаар санал бодлоо илэрхийлэх механизм байхгүй байгаад даруй анхаарах шаардлагатайг онцолж байна.

16. Хороо нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаарх Хүүхдийн эрхийн хороо болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны хамтарсан мэдэгдэл (2022)-ийг иш татан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдөд нь нөлөөлж буй бүх асуудлаар үзэл бодлоо бүрдүүлж, чөлөөтэй илэрхийлэх, бусад хүүхдийн адилаар тухайн хүүхдийн нас, төлөвшилд нийцүүлэн тухайн үзэл бодолд нь зохих ач холбогдол өгөх, мөн насны онцлогт тохирсон дэмжлэг, тусламжийг бий болгохыг баталгаажуулсан  механизмыг Оролцогч улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьсан өөрчлөгдөж буй чадавхыг хүндэтгэх замаар бий болгохыг зөвлөж байна.

Мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх (8 дугаар зүйл)

17.  Хорооны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, хүүхдүүд, оюуны бэрхшээлтэй хүмүүс, сэтгэц-нийгмийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага, дорд үзэх, хэвшмэл сөрөг ойлголт болоод алагчлах байдал арилахгүй байсаар байгаатай холбогдуулан олон нийт, төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд чиглэсэн хөгжлийн бэрхшээлийн хүний эрхийн загвар болон хөгжлийн бэрхшээлийн бусад асуудлаар сурталчилгаа, санаачилга хангалтгүй байгаад санаа зовниж байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үр дүнтэй оролцоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх урт хугацааны стратеги байхгүй байгаад санаа зовниж байна.

18. Хороо нь Оролцогч улсад дараахь зөвлөмжийг өгч байна. Үүнд:

(a) Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний эсрэг чиглэсэн зүй бус үзлийн эсрэг тэмцэх, түүний нөлөөллийг хянах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудтай нягт зөвлөлдөж, тэднийг идэвхтэй оролцуулах замаар үндэсний иж бүрэн стратегийг батлах;

(б)            хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүсийн нэр төр, авьяас билиг, хувь нэмрийг хүндэтгэхийг дэмжих зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн идэвхтэй оролцоотойгоор Бодлого боловсруулагчид, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын ажилтнууд, хэвлэл мэдээлэл, улс төрчид, сурган хүмүүжүүлэгчид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө, тэдгээртэй хамтран ажилладаг мэргэжилтнүүд болон олон нийтэд зориулсан хөгжлийн бэрхшээлийн хүний эрхийн загвар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар тогтмол сургалт болон ойлголт нэмэгдүүлэх модулиудыг боловсролын бүх түвшинд хүртээмжтэй бүхий л  хэлбэрээр нэвтрүүлэх нь зүйтэй. Хороо цаашид Оролцогч улсыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлийн хүний эрхийн загварыг ойлгуулж, хэрэгжүүлэхэд төрийн байгууллагын бүх албан тушаалтан, түүнчлэн олон нийтэд чиглэсэн сургалтын санал санаачилгыг боловсруулж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

Хүртээмж (9 дүгээр зүйл)

19. Хороо дараахь асуудалд санаа зовниж байна. Үүнд:

(a) 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын санаачилсан Саадгүй байдал, хүртээмжийн тухай хууль тогтоомжийг боловсруулахад ахиц дэвшил гарахгүй байна;

(б) Монгол дохионы хэлний тухай хуулийг 2023 онд боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан ч Дохионы хэлний тухай хууль батлах, үндэсний дохионы хэлний бодлогыг боловсруулах, дохионы хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх хугацаа заасан тодорхой үйл ажиллагааны төлөвлөгөөгүй, БШУ-ны сайдын А/251 тоот тушаалыг хэрэгжүүлэх, удирдамж байхгүй хэвээр байна;

(в) Хөдөө орон нутаг, хот суурин газрын хаана ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бусдын нэгэн адил өөрийг нь хүрээлэн буй биет орчин, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, тухайлбал харилцаа холбооны технологи, систем болон нийтэд нээлттэй үйлчлэх буюу зориулагдсан бусад төрлийн байгууламж, үйлчилгээг хүртэх явдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ дутмаг байна;

(г) Цагдаа, эрүүл мэндийн тогтолцоонд хүртээмжтэй байдлыг хангах механизм дутмаг байна;

(д) Цахим Монгол цахим хуудас зэрэг үйлчилгээг цахимжуулах чиглэлээр сүүлийн үед ахиц дэвшил гарсан хэдий ч цахимаар ажиллах орчинд саад бэрхшээлтэй байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэдээлэл, харилцаа холбоог хүртэхэд саад болж байна.

20. Хороо нь хүртээмжийн талаарх 2 дугаар Ерөнхий тайлбар (2014) болон Тогтвортой хөгжлийн 9 дүгээр зорилго, 11.2, 11.7 дүгээр зорилтуудыг эргэн сануулж, Оролцогч улсад дараахь зөвлөмжийг өгч байна. Үүнд:

(a) Өөр хоорондоо ялгаатай онцлог хэрэгцээ болон бэрхшээл бүхий хөгжлийн бэршээлтэй хүмүүстэй төлөөллийн байгууллагаар нь дамжуулан нягт зөвшилцөж, тэдний идэвхтэй оролцоотойгоор хууль эрх зүйн хувьд заавал дагаж мөрдөх хүртээмжийн стандартыг боловсруулж хэрэгжүүлэх, саадгүй орчин, хүртээмжтэй байдлын тухай бий даасан хуулийг батлах;

(б) Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/251 тоот тушаалыг хэрэгжүүлэх дохионы хэлний үндэсний бодлого, үндсэн чиглэлийг боловсруулахад чиглэсэн төсөв, зорилт, хугацааг тодорхой тусгасан, Дохионы хэлний тухай хуулийг баталж, үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө боловсруулах;

(в) Хөдөө орон нутаг, хот суурин газрын хаана ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрийг нь хүрээлэн буй биет орчин, тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, тухайлбал харилцаа холбооны технологи, систем болон нийтэд нээлттэй үйлчлэх буюу зориулагдсан бусад төрлийн байгууламж үйлчилгээг бусдын нэгэн адил хүртэх, ашиглах явдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

(г) Цагдаа, эрүүл мэндийн тогтолцоонд хүртээмжтэй байдлыг хангах механизм, удирдамжийг батлан нэвтрүүлэх;

(д) Хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүст, ялангуяа харааны бэрхшээлтэй хүмүүст боловсролын байгууллагын болон гэрийн орчин, төрийн болон хувийн цахим хуудас, гар утасны программуудаар цахим технологид түгээмэл загвараар нэвтрэх боломжоор хангах.

Хүмүүнлэгийн гамшиг болон эрсдэл бүхий нөхцөл байдал (11 дүгээр зүйл)

21. Хороо нь дараахь асуудалд санаа зовниж байна:

(а) Гамшгаас хамгаалах тухай хууль, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед авах арга хэмжээний төлөвлөгөө, Онцгой Байдлын Ерөнхий Газрын онц байдал зарлах зааварт тус тус эрсдэлтэй болон хүмүүнлэгийн онцгой байдлын нөхцөл байдалд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх тусламж, мөн дохионы хэл, хялбар уншигдах зэрэг хүртээмжтэй байдлын талаар заалт байхгүй байна;

(б) Гамшгийн эрсдэлийг 2015-2030 он хүртэл бууруулах Сендайн хүрээ баримт бичиг, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, мөн Ази-Номхон далайн бүс дэх Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийн 7 дугаар зорилтыг хэрэгжүүлэх болоод тэдгээрийг тайлагнах үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдгээрийн төлөөллийн байгууллагуудын оролцоо үндэсний түвшинд сул байна.

22. Хороо нь оролцогч улсад дараахь зүйлийг хийхийг зөвлөж байна.

(a) Хүмүүнлэгийн гамшиг болон эрсдэл бүхий нөхцөл байдлын талаарх үндэсний хууль тогтоомжийг хянан үзэж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамгаалах заалтуудыг тусгах зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулах, дохионы хэлний орчуулга, хялбар уншигдах зэргийг тусгасан хүртээмжтэй бөгөөд бүхний асуудлыг хамруулсан гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүд, сэтгэц-нийгмийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, оюуны бэрхшээлтэй хүмүүс, мэдрэхүйн бэрхшээлтэй хүмүүст зориулан батлан гаргах;

(б) Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бүх төлөвлөгөөг үндэсний болон орон нутгийн түвшинд, боловсруулах, хэрэгжүүлэх бүхий л үе шатанд  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй тэдгээрийн төлөөллийн байгууллагаар нь дамжуулан нягт зөвлөлдөх, 2015-2030 он хүртэл Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ баримт бичиг, Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратеги, Тогтвортой хөгжлийн 11, 13 дугаар зорилтуудтай нийцсэн иж бүрэн стратеги батлах.

23. Хороо нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ялангуяа тусгаарласан байгууллагад байгаа хүмүүс КОВИД-19 цар тахлын нөлөөнд бусад бүлгээс илүүтэй өртөж байгаад, мөн яаралтай тусламжийн мэдээлэл, хэрэгсэл авч ашиглахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй саад бэрхшээлд санаа зовниж байна.

24. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссарын газраас бэлтгэсэн КОВИД-19 цар тахлын эсрэг хөгжлийн бэрхшээлийг харгалзсан хариу арга хэмжээ авах заавар, бодлогын товч танилцуулгыг удирдлага болгон дараахь арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хороо Оролцогч улсад зөвлөж байна.

(a) КОВИД-19 цар тахлын дараахь сэргэлтийн төлөвлөгөөндөө хөгжлийн бэрхшээлийн асуудлыг уялдуулан тусгах, ялангуяа цар тахлын сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн вакцин, телемедицин болон бусад эдийн засаг, нийгмийн хөтөлбөрүүдэд тэгш хүртээмжтэй хандах асуудлыг тусгах;

(б) Хорооны 5 дугаар ерөнхий тайлбар (2017) болон онцгой байдлын үед ч тусгаарлах байгууллагад үл байрлуулах тухай удирдамж (2022)-тай нийцүүлэн тусгаарласан байгууллагууд (институци)-д амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг онцгой байдлын үед ч тусгаарласан орчноос нь гаргаж,  нийгэм, олны дунд амьдрахад нь зохих дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах;

(в) КОВИД-19 цар тахлын дараахь сэргээх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх бүх үе шатанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний төлөөллийн байгууллагуудыг идэвхтэй татан оролцуулах;

(г) Хүмүүнлэгийн гамшиг болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед хөгжлийн бэрхшээлтэй бүх хүмүүс шаардлагатай мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр авах боломжийг баталгаажуулах.

Хуулийн ө

Дээш