Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асаргаа, сувилгааны нөхцөлийг сайжруулахад дэмжлэг хүслээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанаг /2024.08.23-нд/ хүлээн авч уулзан Монгол Улсад тулгамдсан ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асаргаа сувилгааны нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улсын хүн амын 10 хувь нь ахмад настан байгаа бол 2040 он гэхэд 17 хувийг эзэлж, насжилт нэмэгдэнэ гэсэн судалгаа бий.
Иймд ахмад настны асаргаа сувилгааг сайжруулах, хувийн асрамжийн газрын үйлчилгээг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 6 дугаар сард Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ахмад настанд үзүүлэх асаргааны хувилбарт үйлчилгээг шинээр тусгасан.
Байнгын асаргаа шаардлагатай иргэдэд зөвхөн тэтгэмж өгөхөөс гадна тэдэнд чиглэсэн олон төрлийн үйлчилгээг сайжруулах шаардлагатай байгаа юм.
Тухайлбал, хүний нөөцийг чадавхжуулах, шинээр асрамжийн газруудыг барьж байгуулах, хуучин асрамжийн газруудын барилгыг засварлах, тоног төхөөрөмжөөр хангах, Асаргаа сувилгаа, асрамжийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг сайжруулах, бодлогын шинэчлэл хийх зэргийг дурдаж болно.
Ази, номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын зүгээс идэвхтэй дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
Дээш