Гэр бүлд суурилсан нийгмийн хамгааллыг хөгжүүлэхэд НҮБ-ын Хүм амын сантай хамтран ажиллана
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал Пио Смитийг хүлээн авч уулзан /2024.08.22/ гэр бүлд суурилсан нийгмийн хамгааллыг хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Пио Смит нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-д оролцохоор хүрэлцэн ирсэн юм.
Гэр бүлд суурилсан нийгмийн хамгааллыг хөгжүүлэхийн тулд гэр бүлийн болон сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсрол олгоход хэрхэн хамтран ажиллах талаар талууд харилцан ярилцав.
Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, эрх зүйн харилцааны зохицуулалтыг нийгмийн хөгжлийн чиг хандлага, төлөвтэй уялдуулан шинэчлэх, холбогдох судалгаа, нөлөөллийн арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа хэллээ.
Уулзалтын үеэр сургуулийн өмнөх болон eрөнхий боловсролын сургуулийн бүх түвшинд гэр бүлийн боловсролын сургалтын хөтөлбөрүүдэд үнэлгээ хийх, шинэчлэн сайжруулах, боловсруулахад хамтран ажиллах санал тавьсан.
Ташрамд дурдахад,
ХНХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төсөл, “Залуучууд хөгжил” төслүүдийг 2016 - 2023 оны хооронд амжилттай хэрэгжүүлэн дууссан.
Цаашид гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллана гэдгээ салбарын сайд хэлэв.
Дээш