Ажиллах хүч солилцох замаар нарийн мэргэшлийн боловсон хүчин бэлтгэх талаар ярилцлаа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн хорооны дарга Озода Парпибоеватай ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр харилцан мэдээлэл солилцсон.

БНУУ нь гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжил хамгааллын чиглэлээр олон сайн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь 30-аас дээш насны ажил хайгчаар бүртгэгдсэн эмэгтэйчүүдийг нэгийг ч үлдээлгүй ажилтай болгох. Мөн Гэр бүлийн дэвтэр гэж байдгийг цахим болгож, мэдээллийн сан үүсгэх ажлыг эхлүүлжээ. Ажиллах хүч илгээх тал дээр ч багагүй туршлагатай талаараа тэрээр дурдсан.

Монгол Улсын хувьд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт заасан зорилтод хүрэхийн тулд 2035 он хүртэл 478,1 мянган ажиллах хүч нэмэлтээр шаардлагатай болох тооцоолол гарсан. Үүний дотор нарийн мэргэшлийн ажиллах хүчийг бэлтгэх хэрэгцээ тулгарч буй талаар сайд танилцуулсан.

Хоёр тал ажиллах хүч солилцох замаар нарийн мэргэшлийн боловсон хүчин бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хөгжлийн асуудлаар туршлага хуваалцах хүрээнд санамж бичиг байгуулан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Дээш