Улс орнууд жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангаж чадвал дэлхийн эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтой
Ирэх сард болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт,
2025 онд тэмдэглэх “Бээжин+30” болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд,
энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 дугаар тогтоолын 25 жилийн ойн
бэлтгэлийг хангаж буй энэ үед Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга
уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр
бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдгийн
адил даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, Тогтвортой
хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, шударга, энэрэнгүй нийгмийг цогцлооход
эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм.
Дэлхийн улс орнуудын баталсан Тогтвортой хөгжлийн
зорилтуудыг ханган хэрэгжүүлэх хугацааны талаас илүү хувь нь өнгөрөөд байхад
жендерийн эрх тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын хэрэгжилт хангалтгүй хэвээр
байна.
Хэрэв улс орнууд жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангаж
чадвал дэлхийн эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтой болохыг ОУВС-ийн
судалгаанд дурдсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Нэгдсэн
Үндэстний байгууллагатай хамтран зохион байгуулж буй энэ удаагийн Дэлхийн
эмэгтэйчүүдийн чуулган “НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” уриатай явагдаж байна.
Чуулга уулзалтад 15 улсын төр, засгийн тэргүүн, хууль
тогтоох байгууллагын дарга, сайд, 20 орчим олон улсын байгууллага, олон улсын
төрийн бус байгууллага болон салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүд болох
гадаадын 200 гаруй зочин, төлөөлөгч, Монгол Улсаас 600 гаруй төлөөлөгч оролцож
байна.
Энэхүү арга хэмжээ хоёр өдөр үргэлжилж, дараах сэдвээр
салбар хуралдаан явагдаж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.
- Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй
манлайлагчдын оролцоо
- Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд
эмэгтэйчүүдийн үүрэг
- Цахим эдийн засаг дахь энтрепренер эмэгтэйчүүдийн оролцоо
- Тэгш, хүртээмжтэй жендэрийн мэдрэмжтэй эдийн засгийн
тогтолцоог бэхжүүлэх нь
- Эмэгтэйчүүд, охидыг чадавхижуулахад боловсролын ач холбогдол, нөлөө
- Спорт, урлаг, соёлын салбар дахь жендэрийн тэгш байдал