Бүгд Найрамдах Турк Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.08.19/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атештай уулзлаа.
Уулзалтын эхэнд манай хоёр улсын хамтын ажиллагаа салбар бүрд жилээс жилд өргөжиж байгааг онцлов.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 5 мянга гаруй иргэн Бүгд Найрамдах Турк улсад, манай оронд 400 орчим Турк иргэн оршин сууж байна. Тиймээс хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангаж, нийгмийн даатгалын тогтолцоонд харилцан тэгш эрхтэйгээр хамрагдах эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Сайд Л.Энх-Амгалан уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар гэр бүлд суурилсан нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, тогтолцооны шинэчлэл хийхийг зорьж халамжаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилт дэвшүүлсэн талаар мэдээлэл өглөө. Цаашид гэр бүлд чиглэсэн нийгмийн үйлчилгээг сайжруулах, хөгжлийг дэмжсэн төслүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвүүдийг ажиллуулахад шаардлагатай хүний нөөцийг чадавхжуулж, асаргаа сувилгаа, сэргээн засалт, эмчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн.
БНТУ манай улсын эдийн засгийн гол салбаруудад хүмүүнлэгийн болон техникийн туслалцааг 840 орчим төсөл, хөтөлбөрөөр дамжуулан хэрэгжүүлжээ.
Дээш