Нийгмийн хамгааллын тогтолцоог хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан /2024.08.15/ Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Шаннон Коулинтай уулзлаа.
Сайд Л.Энх-Амгалан уулзалтын эхэнд “Манай улс Азийн хөгжлийн банктай сүүлийн 30 жилийн хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бодлогын 4 том реформ хийхээр тусгасны нэг нь ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО юм.
Бид нийгмийн халамжийн бус хамгааллын тогтолцоог хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Азийн хөгжлийн банктай хамтран 3 том төсөл хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч эхэлсэнд талархаж байна” гэв.
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сүхбаатар дүүрэг, Хөвсгөл, Дархан-Уул, Ховд, Дундговь, Дорнод аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих төвийг нээсэн бөгөөд төслийн хүрээнд 61 төрлийн 200 гаруй тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Цаашид салбар яам дэмжих төвүүдээ тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж, үр өгөөжийг нь илүү олон хүнд хүртээх шаардлагатай гэдгийг уулзалтын үеэр онцлоод, хөгжлийн бэрхшээлийнх нь онцлогт тохирсон ажлын байр, амьдрах орчныг сайжруулж, ур чадварыг нь зөв үнэлж, ирээдүйд бие даан амьдрах нөхцөлөөр хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа гэдгийг хэллээ.
Мөн ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээний төвийн шинэ загварыг Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ төвийг 21 аймагт байгуулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна нийгмийн ажилтны удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, албан бус хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн нэгдсэн сантай болох, хөгжлийн бэрхшээл, ур чадвар, өрхийн орлого, ядуурал тооцох аргачлалыг ICF буюу олон улсын ангиллын дагуу зөв үнэлж, зорилтот бүлэгтээ хэрэгжүүлэн эрэлтэд нийцсэн нийгмийн хамгааллын ажлыг хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа тухай Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлэв.
Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шаннон Куолин дээр дурдсан төслүүдээ үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Дээш