Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажиллах дүрмийн төслийг хэлэлцүүллээ

Улсын Их Хурал 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр баталсан Хүүхэд хамгааллын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, уг хуулийг дагалдуулан баталсан Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг тодорхой болгож зохицуулсан.

Хуулиар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан бүрэн эрхийг эдлэх, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо, ажиллах дүрмийг Засгийн газар батлах, хүүхдийн эрхийн улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.8-д заасны дагуу Засгийн газраас баталсан, хүүхдийн эрхийн улсын ерөнхий байцаагчаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, зөвлөмж, албан шаардлага, дүгнэлт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэх, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрхийг олгох, цуцлахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.5-д заасны дагуу Засгийн газраас баталсан журмын дагуу шийдвэрлэх зэрэг тодорхой зохицуулалтуудыг хуульчилсан. 

ХЭУБ нь хүүхэд аюултай нөхцөл байдалд орсон, орсон байж болзошгүй тохиолдолд хяналт шалгалт явуулах аж ахуйн нэгж, байгууллага, барилга байгууламж, ажлын байр, орон байранд урьдчилан мэдэгдэхгүйгээр чөлөөтэй нэвтрэх эрхтэй.

Хүүхдийн эрх, хамгааллын асуудал нь салбар дундын асуудал тул энэхүү онцлогт тохируулан хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүрмийг Засгийн газраас батлах нь зүйтэй гэж хууль тогтоогч үзэж Хүүхдийн эрхийн тухай хуулийн 20.12-т “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажиллах дүрмийг Засгийн газар батална” гэсэн зохицуулалтыг шинээр бий болгосон.

Дүрмийн төсөлд дараах асуудлуудыг зохицуулахаар тусгалаа:

  • хүүхдийн эрхийн улсын байцаагчийн үйл ажиллагаандаа баримтлах хууль тогтоомж, зарчим;
  • Цаашид хүүхдийн эрхийн байцаагчийн тоо нэмэгдэж, хяналт шалгалтын үйл ажиллагаа тогтмол хийгдэж эхлэх тул хүүхдийн эрхийн хяналтын чиглэлийг нарийвчлан заасан. 
  • улсын байцаагчийн эрх олгох, цуцлах, улсын байцаагчийг сургах асуудлыг зохицуулахаар тусгав.
  • Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлэн хүүхдийн эрхийн улсын байцаагчаас хяналт шалгалт хийх үйл ажиллагаа;
  • Хүүхдийн эрхийн улсын байцаагчаас гаргах шийдвэр, түүнд гомдол гаргах зохицуулалт хүүхдийн эрхийн улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа, төрийн бусад байгууллагатай харилцах, хүүхдийн эрхийн төлөөллийг хэрэгжүүлэх, хариуцлагын асуудлыг тусгалаа.

Мөн “Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн орон тоо тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүлж, санал авлаа

Хэлэлцүүлэгт тус яамны Гэр бүлийн бодлогын газар, Салбарын хяналтын газар, шат шатны Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга, ХЭУБ нар оролцлоо.

Дээш