Тэтгэвэр нэмэгдүүлэх аргачлал батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн/-ийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ”, мөн зүйлийн 27.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 27.1-д заасны дагуу тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх аргачлалыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Аргачлал батлах тухай” Засгийн газрыг тогтоолын болон тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх аргачлалын төслийг тус тус боловсруулав.
Энэхүү аргачлалаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгох авч буй тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.
Мөн Засгийн газрын тогтоолын болон аргачлалын төсөлд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг авч тусгасан болно.
Та бүхэн Засгийн газрын тогтоолын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт tserenbat@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.