"Монгол Улсын Засгийн газар болон БНКУ-ын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ
Гадаад харилцааны яамны мэдээллээр Монгол Улсын 210.0 орчим мянган иргэн гадаад улсад ажиллаж, амьдарч байна. Монгол Улсын Засгийн газраас хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа эдгээр иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан ажилладаг. Өнөөдрийн байдлаар ОХУ, БНСУ, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улс зэрэг 6 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулан, хэрэгжүүлж байна.
Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар Монгол, Казахстан улсын иргэд хоёр улсын нийгмийн даатгалын тогтолцоонд харилцан тэгш эрхтэйгээр хамрагдаж, ажилласан, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэвэр тогтоолгох, тэтгэврээ шилжүүлэн авах эрх зүйн орчин бүрдэх юм. Жишээлбэл:
• Монгол Улсын иргэн 1998 оноос өмнө БНКУ-д ажиллаж шимтгэл төлсөн хугацааг Монгол Улсад шимтгэл төлснөөр тооцуулж, тэтгэвэр тогтоолгох;
• Мөн Монгол Улсын харьяатаас гарч БНКУ-ын иргэн болсон хүн 1998 оноос өмнө Монгол Улсад ажиллаж шимтгэл төлсөн хугацааг БНКУ-д шимтгэл төлснөөр тооцуулж, тус улсад тэтгэвэр тогтоолгох;
• Монгол Улсын иргэн БНКУ-д 1998 оноос хойш шимтгэл төлсөн бол БНКУ-аас хуримтлалын тэтгэвэр тогтоолгох, хуримтлалын тэтгэврээ Монгол Улсад шилжүүлэх авах боломжтой болох юм.
2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8,036 иргэн, манай улсад БНКУ-ын 564 иргэн тус тус оршин сууж байна.
Дашрамд дурдахад Хэлэлцээрийн төслийг БНКУ-ын Засгийн газар энэ оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжиж, Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайдад хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон байна.
Монгол Улсын Засгийн газар УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцсөнөөр Хэлэлцээрт гарын үсэг зурна. Талууд Хэлэлцээрт гарын үсэг зурж, Хэлэлцээрийг хоёр улсын Парламентаас соёрхон баталснаар Хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжих юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Бүгд Найрамдах Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар, ОХУ-тай байгуулсан хэлэлцээрээ шинэчлэхээр ажиллаж байгаа ба Швед, Япон, Канад улсад хэлэлцээр байгуулах саналаа хүргүүлээд байна.
Дээш