“Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөн болно

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг энэ сарын 18, 19-нд зохион байгуулах гэж буй талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Кристиан Гласс нар оролцож удахгүй болох үндэсний зөвлөгөөн болон Монгол Улсын мэрэгжлийн боловсрол, сургалтын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон олон улсын байгууллага, гадаадын тусламж дэмжлэгийн талаар мэдээлэл хийлээ.

2018 онд улсын хэмжээнд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн нийт 85 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 35.8 мянган суралцагч суралцаж байна. Сүүлийн гурван жилийн статистик мэдээллээс харахад дунджаар  жил бүр 19,5 мянга орчим  залуус төгсч, тэдний  46-55 хувь нь ажлын байранд шууд зуучлагдаж, 8-10 хувь  нь дараагийн шатны сургалт болон их, дээд сургуульд шатлан суралцаж байна.

Мэргэжлийн боловсрол сургалтын салбар Монгол Улсын хөгжлийн хөдөлгөгч хүч болсон мэргэжилтэй, ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэдэг гол  цөм учраас Засгийн газраас энэ салбарт онцгой анхаарал хандуулан “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг санаачлан зохион байгуулж буй юм. Хоёр өдрийн турш үргэлжлэх зөвлөгөөний эхний хэсэг Налайх дүүрэгт болж мэргэжлийн боловсрол сургалтын салбарынхнаас гадна ажил олгогч, шийдвэр гаргах түвшний төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын судлаачид, энэ чиглэлийн эрдэмтдийг оролцуулан “Мэргэжлийн боловсрол сургалтын салбарын бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал”, “Мэргэжлийн боловсрол сургалтын чанарт нөлөөлөх гол хүчин зүйлс”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадвар эзэмших боломжууд” зэрэг олон сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

Зөвлөгөөний хоёр дахь өдрийн арга хэмжээг Төрийн ордонд зохион байгуулах юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд оролцож мэргэжлийн сургалтын байгууллагын багш судлаачид, ажил олгогчид, оюутан сурагчид, олон улсын байгууллагынхантай хамтран салбарын бодлогын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэ үеэр төв талбайд мэргэжил сурталчлах өдөрлөг болж МСҮТ болон Политехник коллежууд сургууль болон мэргэжлээ сурталчлахаас гадна элсэлт авч, Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаа ч зохион байгуулах юм.

Үндэсний зөвлөгөөн зохион байгуулах болсон талаар дэд сайд С.Мөнгөнчимэг “Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш ажил олгогч, бизнес эрхлэгчидтэй уялдах, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн боловсон хүчнийг бэлтгэх тал дээр дутагдалтай байна. Иймд мэргэжлийн боловсролын салбарыг шинэ төвшинд гаргаж, хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгаа юм. Энэ хүрээнд мэргэжлийн боловсрол олгох хуулийн шинэчлэлтийг энэ онд багтаан өргөн барихаар ажиллаж байна. Мөн мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд ажил олгогч түншүүдтэй хамтарч ажиллах, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй байгаа. Ингэхдээ сургалтын агуулга хөтөлбөр, техник тоног төхөөрөмжийг шинэчилж, багшийг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Иймд салбарын хүрээнд тулгамдаж байгаа асуудлаар гарц шийдэл олсон, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон үр дүнтэй зөвлөгөөн болно гэж бодож байна” гээд мэргэжлийн боловсрол сургалтын салбартай холбоотой олон мэдээллийг өглөө.

"Ажилсаг Монгол" хөтөлбөрийн санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Германы хөгжлийн гол гарц нь хүн болгон ажилтай, орлоготой байдаг. Яагаад гэвэл онол, практик суурилсан боловсрол олгодог юм байна. Долоо хоногийн гурван өдөр нь үйлдвэр дээр дадлага хийж, хоёр өдөр онолын мэдлэгээ баталгаажуулдаг системийг Солонгос, Япон зэрэг орнууд хэрэгжүүлдэг. Харин манай улсад ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа хүүхдүүдийн 80 хувь нь их, дээд сургуульд орж байгаа ч төгсөөд 79 хувь нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна. Гэтэл үйлдвэрт нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа юм. Тэгэхээр “Мэргэжлийн боловсрол-Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2030 хүртэл 30 мянган залууг өндөр мэргэжлийн боловсон хүчин болгож бэлтгэнэ. Үүний үр дүнд үйлдвэр аж ахуйн газрууд хөгжинө” гэж ярилаа.

 

Дээш