"Олон нийтэд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь" төслийн удирдах зөвлөлийн хурал боллоо
Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам нь Азийн хөгжлийн банктай хамтран “Олон нийтэд түшиглэсэн урт хугацааны тусламж үйлчилгээний шинэлэг тогтолцоог хөгжүүлэх нь” бүсийн техникийн туслалцааны төсөл (ТA 9928)-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд ахмад настанд үзүүлж буй нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэж, цаашид олон нийтэд түшиглэсэн урт хугацааны цогц тусламж, үйлчилгээний шинэ загварыг хөгжүүлэхийг зорьж байгаа юм.
Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн мэргэжилтэн Себил Вон болон төслийн олон улсын зөвлөхүүд 2024 оны 06 дугаар сарын 03-07-ний өдрүүдэд төслийн явц, үйл ажиллагаатай танилцаж, цаашид хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцохоор манай улсад ажиллаж байна.
Энэ хүрээнд төслийн удирдах зөвлөлийн хурлыг зохион байгууллаа.
Хурлаар төслийн хүрээ, хэрэгжилтийн явц, үр дүн, цаашид хэрэгжүүлэх төслийн талаар танилцуулж, ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдэнд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ахмадын асуудлаарх хууль, эрх зүйн орчныг сайжруулах, нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, салбар дундын уялдаа холбоог хангах талаар санал солилцов.
Хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын холбогдох дарга мэргэжилтнүүд, удирдах зөвлөлийн гишүүд, төслийн зөвлөхүүд оролцов.
Дээш