"Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр"-ийг шинээр хэрэгжүүлнэ

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг баталсан.

Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр нь жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчид хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн онлайн үйлчилгээ үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллагад ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг төлөвшүүлэхэд хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн харилцааны талаар зөвлөх үйлчилгээнд 50 хүртэл ажилтантай жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана. Ажил олгогчид чиглэсэн хөдөлмөрийн харилцааны сургалтад аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны тоо харгалзахгүйгээр хүсэлтийг үндэслэн хамруулна. Хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллага 2 жилд нэгээс илүүгүй удаа хөдөлмөрийн харилцааны асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээнд, ажил олгогчид чиглэсэн хөдөлмөрийн харилцааны сургалтад жилд хоёроос илүүгүй хамрагдах эрхтэй.

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллага,  төрийн бус байгууллагыг хөтөлбөрийн хөдөлмөрийн харилцааны зөвлөх үйлчилгээний арга хэмжээнд хамруулахгүй бөгөөд хамрагдах аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөгч нь Монгол Улсын иргэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн харилцааны дараах чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлнэ:

-хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлсний журам, ажилтны мэдээлэл авах, хадгалах, ашиглах журам зэрэг дотоод хэм хэмжээг боловсруулах;

-хөдөлмөрийн гэрээ, түүний төрөл, хэлбэр, хэрэглээ, хөдөлмөрийн маргаан зохицуулах;

-цалин хөлс, үндсэн болон нэмэгдэл, нэмэгдэл хөлс тооцох;

-ажил, амралтын цагийн зохицуулах;

-хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөх;

-нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэглээний талаар ажил олгогчдод мэргэжлийн зөвлөх үйлчилгээ;

-хөдөлмөрийн харилцааны бусад асуудал зэрэг болно.

Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй хөтөлбөрийн 2 дугаар зүйлд заасан шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч нь харьяалах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэст хүсэлт гарган хамрагдах боломжтой юм.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран зохион байгуулж байна.

Дээш