Зам, тээврийн салбар дахь хүүхдийн эрхийн хэрэгчилттэй танилцав

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд салбаруудын хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтыг сайжруулах болон Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг танилцуулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор батлагдсан удирдамжийн хүрээнд бүх яамдад ажиллаж байна.

Зам тээврийн хөгжлийн яаманд болсон уулзалтад тус яамны

Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга А.Мөнхбат, Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан нар холбогдох албан хаагчдын хамт оролцож, салбарын хүүхэд хамгааллын бодлого, хүүхдийн эрхийн чиглэлд хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай мэдээлэл өглөө. Мэдээлэлд сайн туршлага болохуйц арга хэмжээ хэрэгжүүлж байгааг онцлов. Үүнд:

-Харьяа бүх байгууллага, салбар, нэгжүүддээ “Эцэг, эхийн зөвлөл”-ийг байгуулж, салбар нэгжийн онцлогт тохирсон төлөвлөгөө баталж, хэрэгжүүлсэн.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөлийг сайжруулах, хүүхдэд замын хөдөлгөөний мэдлэг, хандлагыг эзэмшүүлэх зорилгоор “Жишиг сургуулийн орчин бүрдүүлэх” хөтөлбөрийг 5 сургуульд хэрэгжүүлэхэд бэлтгэсэн.

-ЕБ-ын 73 дугаар сургуульд суралцаж буй төмөр замчдын 6-18 насны хүүхдүүдэд зориулсан дотуур байр ажиллуулж байна.

-Зам, тээврийн хөгжлийн яамны болон “УБТЗ” ХНН-ийн албан хаагчдын хүүхдүүдийг хамруулах “Улаанбаатар төмөр замын хүүхдийн секторын харьяа 179 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг”-ийг байгуулсан.

-Нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар сургууль, 186 дугаар цэцэрлэгийн гаднах орчныг стандартын дагуу тохижуулсан байна.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдээс цаашид салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар дараах зөвлөмж өгч, санал солилцлоо.

-Салбарын онцлогт нийцсэн Хүүхэд хамгааллын бодлогыг боловсруулж, батлуулах;

-“Жишиг сургуулийн орчин бүрдүүлэх” хөтөлбөрийг үргэлжлүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэх;

-Хот хоорондын зорчих тээврийн зогсох цэгийг 150-200 километр тутамд байгуулж, зогсоол бүрд хүүхэд хуурайлах өрөөг бий болгох;

-“Замын хөдөлгөөний дүрэм”-ийг шинэчлэх ажлын хэсэгт хүүхэд хамгааллын мэргэжилтэн оруулах;

-Цахилгаан дугуй, скүүтер зэрэг хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хуульд оруулж замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэх ажлуудыг хамтран хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтуудаас гарсан тулгамдаж буй асуудал, санал, хүсэлтийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулж, холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүлэх юм.

Дээш