"Цалин хөлсний бүтцийн судалгаа болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа"-ны үр дүнг танилцуулж байна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нь “Цалин хөлсний бүтцийн судалгаа”, “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-г тус тус 2023 онд зохион байгуулж өнөөдөр үр дүнг танилцуулж байна.
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн дагуу “Цалин хөлсний бүтцийн судалгаа”-г хоёр жил тутам зохион байгуулж хэрэгжүүлж байхаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2023 оны “Цалин хөлсний бүтцийн судалгаа”-г ХНХСҮСИ үндэсний хэмжээнд амжилттай хийж гүйцэтгэлээ.
Цалин хөлсний бүтцийн судалгааны зорилго нь ажиллагчдын хөдөлмөрийн хөлс, түүний бүтцийн талаарх суурь судалгааны мэдээллийг шинэчлэх, ААНБ-ын үйл ажиллагаа, ажиллагчдын хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, тэдгээрт зарцуулж буй зардал, ажил олгогчоос олгож буй үндсэн болон нийт цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, ээлжийн амралтын цалин зэргийг нарийвчлан судалж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон бусад цалин хөлстэй холбогдох үзүүлэлтүүдтэй уялдуулан дүгнэлт гаргахад оршино.
“Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-г Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, богино хугацааны ажиллах хүчний эрэлтийн төлөв байдлын талаарх мэдээллийг тодорхойлох зорилгын хүрээнд жил бүр тогтмол зохион байгуулагддаг.
Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа нь Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны ажиллах хүчний эрэлтийг тодорхойлон боловсрол сургалтын болон хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад шаардлагатай мэдээллээр хангах, ажиллах хүчний эрэлтийн дунд хугацааны болон хэтийн тооцоололд ашиглагдахуйц өгөгдөл гаргадгаараа ач холбогдолтой.
Судалгааны үр дүнг танилцуулах арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох газар, хэлтсүүд, ХХҮЕГ, ХНХСҮСИ-ийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Дээш