Ажилтан хүний хөдөлмөрлөх эрх, амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үр дүнтэй хамтран ажиллахаа талууд илэрхийллээ
АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг зурах арга хэмжээний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар АНУ-ын Хөдөлмөрийн яамны туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Патрисиа Силви, АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд ноён Ричард Буанган, АНУ-ын Хөдөлмөрийн яамны ОУ-ын харилцаа, эдийн засгийн судалгааны газрын дэд захирал ноён Ли Зао, яамны туслах төрийн нарийн бичгийн даргын ахлах туслах хатагтай Моник Молина нартай ажил хэрэгч уулзалт хийв.
Уулзалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар АНУ болон Монгол Улс хоорондын Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ амжилттай хэрэгжиж байгаа болон ОУХБ-аас хэрэгжүүлж байгаа Албан бус эдийн засгийг албажуулах төсөд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.
Үүгээр зогсохгүй МУ-ын уул уурхайн салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн хяналтын зэрэг асуудалд дэмжлэг үзүүлж, Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах болсон нь манай улсад шинэ хамтын ажиллагааны суурийг тавьж буйг онцолсон.
АНУ-ын Хөдөлмөрийн яамны туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Патрисиа Силви: АНУ бол хөдөлмөрийн салбарын асуудлаар олон улсын түвшинд арвин туршлагатай. Бид санамж бичгийн хүрээнд бүх талаар та бүхэнд туслах болно. Харин та бүхэн энэхүү хамтын ажиллагааны хүрээнд олж авсан мэдлэг, туршлагаа бүс нутгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлж ажиллахыг хүссэн юм.
Эцэст нь АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ноён Ричард Буанган хэлсэн үгэндээ АНУ-ын Хөдөлмөрийн яамны туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Патрисиа Силвиг энэ салбартаа туршлагатай, мэргэшсэн хүн болохыг онцлоод санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж бүх талаар тусалж, дэмжинэ гэлээ.
Манай улсын гуравдагч хөрш стратегийн түнш болох АНУ-ын Хөдөлмөрийн яамтай Хөдөлмөрийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар уул уурхай, хүнд үйлдвэр болон бусад аж үйлдвэрийн салбарт хөдөлмөр, ХАБЭА-н Олон Улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлж, хөдөлмөрийн хяналтын үр дүнтэй бүтэц, тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлж, ажилтан хүний хөдөлмөрлөх эрх, амь нас, нас эрүүл мэндийг хамгаалахад бодит үр дүнгээ өгнө хэмээн үзэж буйгаа талууд илэрхийллээ.
Дээш