Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд барилга хот байгуулалтын яаманд ажиллалаа


Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулах, тухайн салбар дахь хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалт, уялдааг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр бүх яамдад ажиллаж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, тус яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Зөвлөлийн гишүүн А,Билгүүн Э.Оюунтунгалаг нар холбогдох асуудал хариуцсан албан хаагчдын хамт Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж, уулзалт хийв.

Уулзалтад Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат болон газар, хэлтсийн дарга нар, харьяа байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Уулзалтаар тус салбарын хүүхэд хамгааллын бодлого болон хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр тухайн салбарт мөрдөгдөж буй стандарт, түүний хэрэгжилт, барилга байгууламжийн хүүхдэд ээлтэй төлөвлөлт, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг арилгах, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Цаашид хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд:

-Барилгын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад зөвшөөрөл олгохдоо хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн байдалд тавих хяналтыг сайжруулах;

-Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулдаг шалгуур үзүүлэлтэд хүүхэд ээлтэй байдлыг тусгах;

-Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг арилгах;

-Хүүхдийн тоглоомын талбай. Ерөнхий шаардлага стандартын хэрэгжилтийг сайжруулах;

-Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд хүүхдийн салбарын төлөөллийг оруулж ажиллах;

-Барилгын ус дамжуулалтын хоолой, агааржуулалтын, цэвэр бохирын системийн эрүүл ахуйн шаардлагад нийцсэн эсэхэд тавих хяналтын сайжруулах;

-Хүүхэд хөхүүлэх өрөөний стандартыг боловсруулж, батлуулах;

-Салбарын хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Дээш