Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд эрүүл мэндийн салбар дахь хүүхдийн эрхийн хэрэгжилттэй танилцав
Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл нь Хүүхдийн эрхийн тухай хуульд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах шаардлагатай арга хэмжээ авах, хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн үйл ажиллагааны талаар холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 352 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан.
Шинээр томилогдсон гишүүд батлагдсан удирдамжийн хүрээнд бүх яамдад ажиллаж, Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангуулах, Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенц болон тухайн салбар дахь хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах уулзалтыг зохион байгуулах юм.
Энэ хүрээнд өнөөдөр Эрүүл мэндийн яаманд уулзалтыг зохион байгуулж, эрүүл мэндийн салбар дахь хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилт, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 5 дугаар зөвлөмжийн хэрэгжилт болон тус салбарын Хүүхэд хамгааллын бодлоготой танилцав.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төгсдэлгэр, Зөвлөлийн гишүүн Н.Нямдорж, П.Цэвээн болон холбогдох асуудал хариуцсан албан хаагчид оролцов.
Уулзалтаас гарсан тухайн салбарт тулгамдаж буй асуудал, санал, хүсэлтийг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулж, холбогдох байгууллагад зөвлөмж, чиглэлийг хүргүүлэх юм.
Дээш