ЭМГЭНЭЛ
Эрдэнийн Гомбожав
(1950-2024)
Төр нийгмийн
нэрт зүтгэлтэн Эрдэнийн Гомбожав 2024 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр өвчний улмаас
таалал төгсөж, бидэнд хүнд гарз тохиолоо.
Эрдэнийн Гомбожав нь 1950 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг
сумын нутаг “Хөндлөн” булаг гэдэг газар малчин Эрдэнийн 4 дэх хүү болон төрж, 1964
онд Мөрөн хотын 10 жилийн бүрэн дунд сургуулийг төгссөн.
1968-1973 онд Польш улсын Варшав хотын Эдийн засаг,
статистикийн их сургуульд суралцан эдийн засаг-нийгмийн бодлогын мэргэжил
эзэмшин төгсөж улмаар эдийн засгийн ухааны магистр цол хамгаалсан, дэд
профессор цолтой.
1987-1989 онд ОХУ-ын Москва хотын Намын дээд сургуульд суралцан улс төр
судлаачийн мэргэжил эзэмшин төгссөн.
1990 онд МАХН-ын Төв хорооны эдийн засгийн хэлтэст
зааварлагч, 1992-1996 онд Монгол улсын Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайдаар,
1996-2000 онд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн захирагчийн
албаны даргаар, 2000-2004 онд Улсын Их Хурлын Гишүүнээр, 2002-2006 оны 11
сараас Сангийн яамны Сорьцын улсын хяналтын Албаны даргаар тус тус томилогдон
төр, олон нийтийн байгууллагуудад тасралтгүй 40 гаруй жил ажилласан.
Тэрээр нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны системийн
хэмжээнд 1973 оноос 1996 оныг хүртэл мэргэжилтнээс сайд хүртэл хариуцлагатай
албан тушаалуудад нэр төртэй ажиллаж зах зээлийн харилцааны шилжилтийн хамгийн
хүнд үед Монгол Улсын нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, нийгмийн даатгал,
хөдөлмөрийн харилцааны цоо шинэ тогтолцооны эрх зүйн актуудыг батлуулан гаргаж
хэрэгжүүлснээрээ тус салбарынхны дунд томоохон гавьяа байгуулсан хүн мөн билээ.
Зах зээлийн харилцааны эгзэгтэй цаг үед төр, олон нийтийн байгууллагуудыг
гардан удирдахдаа тэдгээрийн бүтэц зохион байгуулалтыг нь сайжруулж, санхүү
эдийн засгийн хувьд бэхжүүлэн үйл ажиллагааны өндөр үр ашгийг ямагт ханган ажиллаж улс орны
нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм.
Түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн
гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 60,70,80,90 жилийн ойн медаль, Хөдөлмөр,
Нийгэм хангамж, Байгаль орчин, Санхүү,банкны тэргүүний ажилтан цол, Улаанбаатар
хотын хүндэт тэмдгээр тус тус шагнажээ.
Талийгаачийн ажилд хянуур, нямбай, тооцоо судалгаанд
тулгуурлан зарчимч шударгаар хийж гүйцэтгэдэг, даалгасан ажил үүргийнхээ
биелэлтэд өөрийн биеэр хяналт тавьж хариуцлага тооцдог, хамт олныг удирдан
зохион байгуулах авьяас чадвартай, хүнлэг нийтэч занг хойч үе бидний сэтгэлд
хоногшин үүрд дурсагдах болно.
Ум сайн амгалан болтугай.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМНЫ АХМАДЫН ХОРОО