АХБ-ны Хувь хүн ба нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч София Шакил нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Азийн Хөгжлийн Банкны Хувь хүн ба нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч София Шакил, тус хөтөлбөрийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Эсүкэ Тажима нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Дэд сайд Азийн хөгжлийн банк сүүлийн 30 гаруй жил Монгол улстай ойр хөгжлийн гол түншлэгч байгууллага байж ирсэнд талархал илэрхийлж, хамтран ажиллаж буй чиглэл, төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам АХБ-тай “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”, “ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл арга хэмжээг улам өргөжүүлэх, үр дүнтэй зохион байгуулах талаар талууд байр сууриа илэрхийлсэн.
Мөн “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд 6 аймагт ХБХ-ний хөгжлийн төвийг барьж байгуулаад байна. Энэхүү төслийг үргэлжлүүлэн шинээр хоёр төв байгуулах асуудлыг энэхүү уулзалтаар хөндсөн.
Иж бүрэн түншлэлийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх шинэ төсөл, хөтөлбөрийн талаар талууд санал солилцож, ХНХЯ-ны зүгээс “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хүрээнд тэргүүлэх чиглэл, холбогдох асуудлаа дэлгэрэнгүй танилцуулах саналыг тавьлаа. АХБ-ны зүгээс судалгаанд үнэслэсэн, зайлшгүй шаардлагатай төсөл арга хэмжээг дэмжин ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Дээш