Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шуурхай арга хэмжээ авч, нэгдсэн түр штаб ажиллуулж байна
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт 2024 оны 01 сарын 24-ний 01:00 цагт авто ослын улмаас хүчтэй дэлбэрэлт үүсэж, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал боллоо.
Дэлбэрэлтийн улмаас ойролцоох орон сууц галд өртөж, оршин суугчид эрүүл мэнд болон эд хөрөнгийн багагүй хохирол амсаад байна. Галд өртсөн “Edu аппартмент” орон сууцнаас 17 өрхийн 50 том хүн, 30 хүүхдийг Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах Күүбер зочид буудалд нүүлгэн шилжүүлж, урьдчилсан байдлаар 14 хүнийг эмнэлэгт хүргэжээ. Мөн 3 хүн амь насаа алдсан талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Галд өртсөн иргэдийн амьжиргааг дэмжих, нийгмийн халамжийн чиглэлээр дэмжлэг, тусламж үзүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам холбогдох арга хэмжээг цаг алдалгүй авч байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү нар Баянзүрх дүүргийн Шуурхай штаб дээр ажиллалаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай хуралдаж “Күүпер” зочид буудалд ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар гэсэн гурван байгууллагаас бүрдсэн Нэгдсэн түр штабыг ажиллуулж эхэллээ.
Мөн иргэдэд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх 8 сэтгэл зүйч ажиллаж байна. Түр штабаас иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай хоол хүнс, хувцас хэрэглэлээр хангах, нийгмийн халамж хамгааллын хэрэгцээг тодорхойлох холбогдох судалгааг хийх ажлыг зохион байгуулж байна.
Албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн Онцгой байдлын алба хаагчдын ар гэр, төрөл төрөгсдөд Гүн эмгэнэл илэрхийлье.
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ