ЖАЙКА Олон Улсын байгууллагын төлөөлөгчидтэй санал солилцлоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-ын Хүний хөгжлийн хэлтсийн Нийгмийн хамгаалал, дээд боловсролын газрын дарга Уэда Дайсүкэ болон холбогдох бусад төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр хамтран хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Япон улсын хувьд олон улсад хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр загвар болдог орон учраас бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, “Үйлдлийн чадвар алдалтын олон улсын ангилал (ICF)”-ыг нэвтрүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Юун түрүүнд 2016-2020 оны хооронд хэрэгжүүлсэн “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх төсөл”-ийн үр дүнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: бодлого үйл ажиллагааны мэдээллийн лавлах Цагаан ном”-ыг 2018 оноос эхлэн жил бүр эрхлэн гаргадаг болсон. Мөн хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загварыг олон нийтэд түгээх олон улсын стандарт бүхий “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт”-ыг зохион байгуулах үндэсний сургагч багш нарыг бэлтгэн гаргаж, дэд бүтэц болон мэдээллийн хүртээмжийг сайжруулах зорилгооролон удаагийн семинарыг зохион байгуулж талуудыг нэгдсэн ойлголттой болгосон.
Дээрх үр дүнд үндэслэн 2021 оноос “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн ажлын байранд дадлагажуулагчийн тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгууллага хоорондын сүлжээг бий болгох замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байгаад С.Тунгалагтамир талархлаа илэрхийллээ.
ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг төслүүдийн үр дүн нь Монгол Улсад хөгжлийн бэрхшээлийн шинэ тутам ойлголтыг түгээж, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулахад чиглэгддэг бөгөөд бидний хувьд ч төслийн хүрээнд шинээр нэвтрүүлж буй үйл ажиллагаагаа тогтолцоондоо нэвтрүүлэхийг зорьж ажилладаг. Тодруулбал, эхний шатны төслийн үр дүн болж Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байна, “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт зохион байгуулах, багшид эрх олгох журам”-ыг батлуулан хэрэгжүүлж байна. Харин хоёр дахь шатны төслийн хүрээнд “Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааг зохицуулах удирдамж”-ийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд ажлын байрны дадлагажуулагчийн эрх, үүргийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульдаа тусгахаар ажиллаж байна гэдгийг онцлон хэллээ.
Уулзалтын төгсгөлд Япон талаас дараагийн шатны төслийг хэрэгжүүлж ажиллахын төлөө хичээж ажиллахаа илэрхийллээ.
Дээш