“Маягтын загвар, аргачлал батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын төсөлд санал авч байна.
Үндэсний Статистикийн хорооны даргын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/73 дугаар тушаалаар зөвшөөрсний дагуу Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Маягт, журам батлах тухай” 246, А/245 дугаар тушаалаар анхан шатны бүртгэлийн мачгт, түүнийг хөтлөх журмыг батлан, мөрдөж байна.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангийн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны маягтын загвар, түүнийг хөтлөх аргачлалыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэж заасан.
Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор “Маягтын загвар, аргачлал батлах тухай” Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын төслийг боловсруулав.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Даатгуулагчийн хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл, шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ, шимтгэл төлөх хугацаа, талуудын эрх, үүрэг, хариуцлага, гэрээ байгуулах, гэрээний хугацааг сунгах, цуцлах, дуусгавар болгох зэрэг харилцааг зохицуулсан журам болон сайн дураар даатгуулах гэрээний загварыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт “Эмнэлгийн хуудасны маягтын загвар, даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж тус тус заасны дагуу анхан шатны бүртгэлийн маягтаас хассан.
Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд шинээр мөрдөгдөх зохицуулалт болон хуулийн нэр томъёоны өөрчлөлт, тусгайлан эрх олгосон хуулийн заалтууд өөрчлөгдсөн зэрэг хэрэгцээ шаардлагыг тус тус үндэслэн нийгмийн даатгалын сангийн анхан шатны бүртгэлийн үндсэн 25 маягтын загвар болон түүнийг хөтлөх аргачлалын төслийг боловсруулав.