"Ядуурлыг бууруулахад төр, иргэний нийгмийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага хамтран “Ядуурлыг бууруулахад төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт өрх, иргэдийн амьжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас “Ядуурлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид анхаарах асуудал”, Жижиг дунд үйлдвэрийн газраас “Төрөөс жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарт баримталж буй бодлого, арга хэмжээ”-ний талаар танилцууллаа.
Мөн Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагаас “Төгсөлтийн аргачлал” төсөл, Хөгжлийн шийдэл ТТБ-аас “BEST хөтөлбөр”, Японы хүүхдийг ивээх сангаас “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренершип боловсрол олгох төсөл”, Азийн сангаас “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх төсөл”, Good Neighbors ОУБ-аас “Бизнес хөгжлийг дэмжих хөтөлбөр”, ХААН Банк “Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв”-ийн талаар танилцуулж, туршлагаа хуваалцлаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд оролцсон байгууллагууд хамтран ажиллагааны сүлжээ байгуулан, үйл ажиллагаагаа уялдуулах, мэдээлэл солилцох уулзалтыг тогтмол зохион байгуулж байхааар тогтлоо. Дараагийн уулзалт хүртэл сүлжээний зохицуулагчаар Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага ажиллах юм.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцож, салбарын үйл ажиллагааны хүрээнд бий болж байгаа сайн туршлага, сургамж, анхаарах асуудлын талаар санал бодлоо хуваалцлаа.
Дээш