Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хорооны болон УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгээс хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөлтэй хийх уулзалтыг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт оролцогчид Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, хүүхэд хамгааллын үйлчилгээний төрөл хэлбэр, кейс менежмент, оролцогч талуудын чиг үүрэг, боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал, үе тэнгийнхний дээрэлхэлт зэрэг олон асуудлыг шинээр тусгаж, ахиц дэвшил гарсан хуулийн төсөл боловсруулсан байна гэж үзсэн.
Гэхдээ хүүхэд хамгааллын үйлчилгээнд шаардагдах зардал, хүний нөөц, төрийн бус байгууллагууд хүүхэд хамгааллын үйлчилгээг төрийн байгууллагатай гэрээлэн гүйцэтгэхэд тулгамддаг зарим асуудлыг тодорхой болгож хуульчлах,
-сургуулийн нийгмийн ажилтны орон тоог нэмэх, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүтэц, чиг үүргийг оновчтой болгох, хууль зөрчсөн төрийн бүх шатны албан хаагчид тооцох хариуцлага, эцэг, эхийн үүрэг, оролцоо, хариуцлага зэргийг илүү тодорхой болгон процесслох нь зүйтэй гэсэн саналыг өглөө.
Хэлэлцүүлгийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат удирдан явуулсан бөгөөд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсаны дараах хүлээж буй үр дүнгийн талаар санал солилцож нэгдсэн ойлголттой боллоо.
Дээш