ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Х.Булгантуяа өнгөрсөн хугацаанд ЖАЙКА байгууллагаас хүн амын бүлгүүдийг дэмжих, нийгмийн даатгал, тэтгэврийн чиглэлээр хамтран ажилласан төсөл, хөтөлбөр арга хэмжээнүүд үр дүнтэй хэрэгжсэнийг онцлоод одоо хэрэгжиж буй төслүүдийн явц, цаашид анхаарах асуудлуудыг танилцууллаа.
Тухайлбал Монгол Улс удахгүй тулгарах насжилтад бэлтгэх, ахмад настнуудын асаргаа, сувилал, нийгмийн хамгааллын асуудалд анхаарал хандуулах шаардлагатай бөгөөд энэ чиглэлээр боловсон хүчнийг бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээ, нийгмийн асуудлаар дэлхийд тэргүүлэх туршлагатай Япон Улсаас суралцах, манай улсад нэвтрүүлж, нутагшуулах зүйл их байгааг онцлоод, холбогдох салбарын албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах, эрхзүйн орчныг боловсронгуй болгоход хамтран ажиллах санал дэвшүүлэв.
Ноён Танака Шиничи хамтын ажиллагааны тодорхой саналууд дэвшүүлж байгаад талархаад дээрх саналуудыг холбогдох албаны хүмүүстэйгээ зөвшилцөн эрхлэх асуудлуудын хүрээнд хэрхэн нийцүүлж үр дүнтэй хамтран ажиллах боломжийг судлан хариу мэдэгдэхээр болов.
Уулзалтын төгсгөлд ЖАЙКА олон улсын байгууллаас цаашид хамтран ажиллах, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй асуудлуудын талаар товч танилцуулав.
Дээш