Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Монгол Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хуулийг мөрдөж эхэлсэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн 2022 онд хийсэн “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-ны үр дүнгээс үзэхэд 2022 онд аж ахуйн нэгж, байгууллагуудын 15.9 хувь нь шаардлагатай мэргэжилтэй ажилтан олдоогүйн улмаас төлөвлөсөн ажилтнаа авч чадаагүй буюу өөрөөр хэлбэл эдгээр ажил олгогчдын 42.7 мянган ажлын байранд ажиллах хүн олдоогүй байна.
Мөн Монгол Улсын эдийн засаг тэлж, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа өргөжихийн хирээр, нөгөө талд хүн амын насны бүтэц өөрчлөгдөж, ажиллах хүчний хомсдол бий болж байгаатай холбогдуулан цаашид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монголд зочлох жил” болон бусад бодлого, зорилтын хүрээнд бизнес эрхлэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөгжлийн төслийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих шаардлага үүсэж байна.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан хуулийн төслийн танилцуулга, уулзалт, хэлэлцүүлгийг тус яамнаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, бусад яамдуудын холбогдох албан тушаалтнууд болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын төлөөллүүд оролцлоо.
Дээш