16 нас хүрч иргэний үнэмлэхээ авч байгаа өсвөр үеийн залуучууд "Иргэний андгай" өргөлөө
Улсын анхдугаар их хурал 1924 оны есдүгээр сарын 08-нд Нийслэл хүрээнд болж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцож, Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталж байсан түүхтэй.
Ийнхүү монгол түмэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт улсаа тунхагласан энэхүү өдрийг ард нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас, Монголын залуучуудын холбоотой хамтран “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” –ын үйл ажиллагааг 21 дахь жилдээ зохион байгуулж байна.
Монгол Улсын хэмжээнд 16 настай 60 гаруй мянган иргэн байгаа юм.
Ёслолын арга хэмжээнд 16 нас хүрч иргэний үнэмлэхээ авах өсвөр үеийн залуусаас нийгэмд хөгжил, оролцоогоороо түүчээлж буй 800 гаруй өсвөр үеийн залуус Төрийн ордноо Монгол Улсын иргэний андгай өргөхийн зэрэгцээ 21 аймгийн Засаг даргын тамгын газарт мөн адил иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ болж байна.
Ийнхүү 16 нас хүрч иргэний үнэмлэх авч байгаа өсвөр үеийн залуучуудыг “Иргэний Андгай” өргүүлэх нь түүх, соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.
Дээш