“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” Монгол, Солонгосын хамтарсан хурал зохион байгууллаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гүүд Нэйборс Олон Улсын Төрийн бус байгууллага хамтран “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт хурлыг зохион байгууллаа.

 

Тус хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Боловсролын Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Нийслэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтэс болон дүүрэг, хороо, ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудын төлөөлөл, эрдэмтэн багш, судлаачид оролцсон бөгөөд БНСУ-ын Гүүд Нэйборс ОУБ-ын Бүсан баруун бүсийн Хүүхэд хамгааллын  бүсийн төв, Чоннам баруун бүсийн төвийн хүүхэд хамгааллын мэргэшсэн байгууллагын ажилтнууд зэрэг нийт 150 гаруй оролцогчид харилцан туршлага солилцлоо.

 

Энэхүү хурлаар хоёр улсын  “Хүүхэд хамгааллын тогтолцооны өнөөгийн байдал”, “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлчилгээ үзүүлж буй туршлага” болон “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдол дээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлж буй практик” гэсэн 3 хэсгийн хүрээнд нийт 12 илтгэлийг хэлэлцэв. Хурлын нэгдүгээр хэсэг болох “Хүүхэд хамгааллын тогтолцооны өнөөгийн байдал” агуулгын хүрээнд ХНХЯ-ны ГББХЗГ-ын дарга Н.Баярмаа “Монгол Улсын Хүүхэд хамгааллын бодлогын шинэчлэл ба нийгмийн ажлын үйлчилгээний өнөөгийн байдал” сэдэвт илтгэлийг танилцуулсан ба БНСУ дахь Чоннам баруун бүсийн Хүүхэд хамгааллын мэргэшсэн байгууллагын Захирал Им Гуан Мүг “БНСУ-ын Хүүхдийн эсрэг хүчирхийллийн хариу арга хэмжээ авах тогтолцооны өнөөгийн байдал”, Чүннам баруун бүсийн Хүүхэд хамгааллын мэргэшсэн байгууллагын албаны дарга И Бён Нуг “БНСУ-ын Хүүхдийн эсрэг хүчирхийллийн кэйс менежментийн хэрэгжилт”, Чүннам баруун бүсийн Хүүхэд хамгааллын мэргэшсэн байгууллагын мэргэжилтэн Ким Юү Жин “Хүүхдийг гэр бүлээс нь тусгаарласны дараа эргэн нэгтгэх хөтөлбөр” зэрэг Солонгосын мэргэжилтнүүдийн илтгэлүүд оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж байв.

 

Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлчилгээ үзүүлж буй туршлага, сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах, таслан зогсоох арга зам, гэр бүл дэх хүүхэд хамгааллын үйлчилгээний кэйс менежментийн хэрэгжилт болоод кэйсийг орон нутгийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх сайн туршлагын талаар 2 улсын илтгэгчдийн танилцуулсан мэдээллийг 10 цаг гаруй идэвхтэй хэлэлцсэн нь цаг үеэ олсон,анхан, дунд шатанд ажиллаж буй хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийн өнөөгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид үнэллээ.

 

Дээш