Олон Улсын Оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан чөлөөт уулзалт зохион байгуулав
Олон Улсын Оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Социал Демократ Монголын Оюутны Холбоо, "2000 клуб" хамтран “Оюутны чөлөөт уулзалт” арга хэмжээг зохион байгууллаа.
Уулзалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын гол зохицуулалтууд, хөдөлмөр эрхлэлтийн цахим систем ejob.gov.mn платформ, Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төсөл болон оюутны хөдөлмөр эрхлэлтийн судалгааг танилцуулж, Оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, түүнийг шийдвэрлэх арга замын талаар оюутнуудын саналыг сонсож, асуултуудад хариулт өглөө.
Оюутнуудын зүгээс тавьж буй асуудлын дийлэнх нь цагийн ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой болон, хөдөлмөрийн харилцаанд гарч буй хүндрэл бэрхшээлийн тухай байсан юм. Тиймээс оюутны инкубатор төвөөр дамжуулан энэ чиглэлээр оюутан оюутандаа туслах, хуулийн зөвлөгөө мэдээлэл өгөх үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон.
Мөн цагаар хөдөлмөр эрхлэх журамд өөрчлөлт оруулах болон тулгамдаж буй асуудлыг бодитоор шийдвэрлэх арга замыг тодорхойлох 20 хүний бүрэлдэхүүнтэй, түүний 10 нь оюутнуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Уулзалт арга хэмжээнд Ерөнхий сайдын зөвлөх Д.Дашням, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Т.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс, 63 их дээд сургуулийн оюутны төлөөлөл болох 140 шахам оюутан оролцлоо.
Дээш