“ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ” НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг баталсан.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “Даатгуулагчид тусламж, үйлчилгээ үзүүлэх сэргээн засах төв болон сувиллыг сонгох, гэрээ байгуулах, санхүүжүүлэх, тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална” гэж заасан.
Иймд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Журам батлах тухай” нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөл, журмын төслийг боловсруулав. Одоогийн байдлаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний гэрээ байгуулан Багануур сувилал, Эрдэнэт, Тулга гэсэн гурван сувилалтай хамтран ажиллаж байна. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нийгмийн даатгалын сангаас 2022 оны жилийн байдлаар 2,053 мянган иргэнд 1.1 тэрбум төгрөг сувилалд зарцуулсан байна. Харин 2023 оны 08 дугаар сарын байдлаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд 1,073 мянган иргэнд 700 сая төгрөг зарцуулаад байна.
Журмыг хэрэгжүүлснээр үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, даатгуулагч хүнд сувиллын үйл ажиллагааг чирэгдэлгүй хүргэх, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх, хяналтыг сайжруулах, ил тод болгох зэрэг олон эерэг өөрчлөлт гарна.
Ажил олгогч, даатгуулагч, хүн, төр, төрийн бус байгууллага та бүхэн “Журам батлах тухай” Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төсөлд өгөх саналаа ankhbayar@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.