Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Европын Парламентын 16 дугаар зөвлөлдөх уулзалтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Уулзалтад Европын Парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга ноён Томаш Здеховски тэргүүтэй, Парламентын гишүүн Фулвио Матучелло, Ралф Зийкац нар болон бусад албаны хүмүүс, Монголын талаас Элчин сайд Л.Болд, ХНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Хишигбаяр, Хөдөлмөр, эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга, Гадаад Хамын ажиллагаа, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн нарын албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Европын Холбооны дэмжлэгтэй хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний үр дүнгийн талаар сайд танилцуулсан. Тухайлбал, Монгол Улсад “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл 2021 оноос хэрэгжиж байна. Төслийн хүрээнд хийсэн төсвийн дэмжлэгээр хөдөлмөр, эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн боловсрол, сургалтын болон “Халамжаас хөдөлмөрт” зорилтын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн салбарын шинэчлэлийг шалгуур үзүүлэлттэй уялдуулан хэрэгжүүлж байна. Мөн Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын суурь конвенциудын хэрэгжилтийг хангах тайлан боловсруулах чиглэлээр “Зохистой хөдөлмөр ба худалдаа” төслийг хэрэгжүүлж байна.
TAIEX-INTPA түншлэлийн хүрээнд Европын хэд хэдэн орны тэтгэврийн шинэчлэл нэвтрүүлсэн туршлагаас судлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлаар техник туслалцааны дэмжлэг үзүүлсэн нь чухал ач холбогдолтой байсныг онцоллоо.
Монгол Улсын иргэд олноор оршин суудаг 6 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан. Одоогоор Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийг хийж байгаа бол Шведийн Вант Улс, Австрали, БНСУ, Япон улсад хэлэлцээр хийх санал тавиад байгаа юм. Европын холбооны улсуудад оршин суудаг Монгол Улсын иргэдийн нийгмийн баталгааг хангахаар байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилт болон шинээр байгуулах хэлэлцээрт анхаарч, дэмжин ажиллахыг сайд хүслээ.
Дээш