МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ЖАГСААЛТ, ХУВЬ, ХУГАЦАА БАТЛАХ ТУХАЙ” ХАМТАРСАН ТУШААЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ердийн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь хэмжээг эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална” гэж тус тус заасан. 

Дээрх хуулиудын хэрэгжилтийг хангах зорилгоор Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/758/А/197 дугаар хамтарсан тушаалаар даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн баталж мөрдөн ажиллаж байна. Дээрх тушаал нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн. 

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны  өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийг баталсан.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 3 дугаар зүйлийн 3.4 дэхь хэсэгт “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацааг нийгмийн хамгааллын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан. Иймд мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацааг батлах тухай хамтарсан тушаалын төсөл боловсрууллаа.

2022 оны жилийн эцсийн байдлаар Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоор ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацаа тогтоолгосон даатгуулагчийн тоо 103.2 мянга байгаа нь манай улсын нийт хүн амын 3.1 хувийг эзэлж байна. 

Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон иргэдийн тоо жил дараалан тогтмол буурч байгаа бөгөөд өмнөх оны жилийн эцсээс -3.8 хувиар буурсан байна. 

Мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих эмгэг хамгийн өндөр буюу 52.2 хувийг (1410) эзэлж байна. Уушги тоосжих, мэдрэл, мэс заслын өвчнүүд нь зонхилох  шалтгаан болж байгаа бөгөөд эдгээр өвчнүүд нь нийт мэргэжлээс шалтгаалсан өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын 85.1 хувийг эзэлж байна. Мэргэжлээс шалтгаалсан өвчний учир хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн 28.8 хувь нь хөдөлмөрийн чадвараа бүрэн, 71.5 хувь нь хөдөлмөрийн чадвараа хагас алдсан байна.

 Мэргэжлээс шалтгаалсан өвчний учир хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн 73.8 хувь нь уул уурхайн салбарт хамаарч байна. Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон нийт иргэдийн 44.4 хувь нь 60 ба түүнээс дээш насны, 50.4 хувь нь 60 ба түүнээс дээш насны иргэд байна. Ажилласан жилийн хувьд авч үзвэл 43.7 хувь нь 20-оос дээш жил ажилласан бол 25.8 хувь нь 16-19, 24.1 хувь нь 11-15 жил ажиллажээ.

 Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацааг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлүүд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газар болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/192 дугаар тушаалаар байгуулсан.

Энэхүү ажлын хэсэг 3 сургалт хэлэлцүүлэг, хуралдааныг зохион байгуулж мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацааг батлах тухай өвчний жагсаалтыг шинэчлэн боловсруулсан. 

Одоо мөрдөж буй 115 өвчнөөс 4 төрлийн өвчинг “Хугацаагүй” ангиллаар тогтоож байна. 

Мэргэжлээс шалтгаалсан хордлогын эмгэгүүд хэсэгт Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн хордлогын салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж санал авч ажилласан.

 Мэргэжлээс шалтгаалсан өвчний мэргэжил тус бүрийн эмч, мэргэжилтнүүдээс санал авч дараах өөрчлөлтийг оруулав. Тухайлбал:

  1. Жагсаалтын эхний баганад өвчний нэр томъёоны өөрчлөлтүүд орсон боловч агуулгын хувьд өөрчлөлт ороогүй;
  2. Мэргэжлээс шалтгаалсан хордлого хэсэгт: ерөнхий шинж тэмдэг гэсэн багана нэмж /химийн бодис тус бүр өөр өөрийн онцлогтой, хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд харилцан адилгүй өөр өөр нөлөөлөл үзүүлдэг учир/ тухайн химийн бодисын ХАЛМ /хор, аюулын лавлагаа мэдээлэл/-тэй заавал харьцуулж үзэх  анхааруулга оруулсан.Зааварт мөн 1 чухал шалгуур үзүүлэлт болгосон;
  3. Үе шат баганад зарим өвчний эмнэлзүйн шинж, ангилалыг тодруулж оруулсан; /Жишээ нь 8.1, 8.2 дах заалт/
  4. Өвчний код баганад зарим өвчний код олон улсын ICD ангилалыг барьж ажилласан;

Иймээс ажил олгогч, даатгуулагч, хүн, төрийн бус байгууллага та бүхэн “Мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт, хувь, хугацаа батлах тухай” төсөлд саналаа ankhbayar@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.               

Хавсралт файл
Гарчиг Татах
1 МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ЖАГСААЛТ, ХУВЬ, ХУГАЦАА БАТЛАХ ТУХАЙ” ХАМТАРСАН ТУШААЛЫН ТӨСӨЛ
Дээш