Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд ажилтан, ажил олгогчдын оролцоо, сургалт хэлэлцүүлэг зохион байгуулав
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд ажилтан, ажил олгогчдын оролцоо, сургалт хэлэлцүүлэг”-ийг 2023 оны 10 дугаар сарын 25-27-ны хооронд Завхан аймгийн Улиастай суманд зохион байгууллаа. Сургалт хэлэлцүүлгийн үйл ажиллагааг Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нээж оролцов.
Тэрээр, Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар хуулийн хамрах хүрээ өргөжиж, ажил олгогч болон ажилтны хуулиар хамгаалагдах эрх, хүлээх үүрэг тэнцвэржиж, хөдөлмөрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хянах арга механизм, нийгмийн түншлэлийн тогтолцоо оновчтой болсон.
Тус хуулиар анх удаа хөдөлмөрийн хууль тогтоомжийг эрэмбийг тогтоож, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ болон ажил олгогчоос дангаараа батлах хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг хууль тогтоомжийн бүрэлдэхүүнд хамруулсан. Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон суурь зохицуулалтыг байгууллага санхүү, хүний нөөц болон бусад нөөцдөө тулгуурлан дээшлүүлэн тогтоох боломжтой болсон.
Түүнчлэн Олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтуудыг нарийвчлан оруулсан зэрэг олон дэвшилтэт зүйл байгааг Засаг дарга онцолсон.
Сургалт, хэлэлцүүлэгт Завхан, Говь-Алтай аймгийн ХХҮГ, ажилтан, ажил олгогчийн төлөөлөл оролцсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль болон дагалдан гарсан дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ажиллахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын асуудал хариуцсан шинжээч, ахлах шинжээчид мэдээлэл танилцуулга хийж, оролцогчидтой санал солилцон, тодруулга өгөв.
Дээш