Ажил олгогчид санхүүгийн дэмжлэг олгох туршилтын төсөл баталж, хэрэгжүүлэхээр боллоо

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн ээлжит хурлыг  2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Хурлаар ажил олоход хүндрэлтэй иргэнийг урт хугацаанд тогтвортой ажлын байраар хангах ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх туршилтын төслийг баталж, хэрэгжүүлэхээр тохирлоо.

Туршилтын төсөлд хөдөлмөр эрхлэх чадварын үнэлгээний дагуу хөдөлмөрийн зах зээлд гарахад бэлэн, ажлын байран дээр дагалдан ажилтнаар 3 ба түүнээс дээш сарын хугацаанд дадлагажин хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангах ажил олгогчид дараах байдлаар санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тусгасан.

 Үүнд:

Улаанбаатар хотод ажил олоход хүндрэлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ердийн дагалднаар ажиллах 5 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэг;

Ажил олоход хүндрэлтэй иргэнийг аймагт байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ердийн дагалднаар ажиллах 5 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэг;

Ажил олоход хүндрэлтэй иргэнийг эдийн засгийн тэргүүлэх салбарт байнгын ажлын байраар хангасан ажил олгогчид ердийн дагалднаар ажиллах 5 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц цалингийн дэмжлэгийг тус тус олгоно.

Дээрх арга хэмжээнд нийт 5200 хүнийг ирэх оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд хамруулахаар төлөвлөж, холбогдох зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тусгасан.

Туршилтын төсөл хэрэгжсэнээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, хүний нөөцийн үйл ажиллагаанд тодорхой дэмжлэг болох, ажил олоход хүндрэлтэй иргэн байнгын ажлын байраар хангагдаж шаардлагатай ур чадвар, мэргэшил эзэмших  боломж бүрдэх юм.

Дээш