GENERATION UNLIMITED санаачилгыг Монгол Улсад хэрэгжүүлэх талаар талууд санал солилцлоо
Дэлхийн нийт хүн амын 25 хувийг эзэлж буй 10-24 насны залуучуудыг бүтээлч, нийгмийн идэвхтэй иргэн болоход нь туслах салбар дундын дэлхийн түншлэл Generation Unlimited санаачилгад Монгол Улс 2021 онд нэгдсэн билээ.
Уулзалтад Generation Unlimited хөтөлбөрийн дэд захирал Урмила Саркар (Urmila Sarkar), санаачилгын Азийн бүс хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн Радика Менон (Radhika Menon), Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын залуучуудын хөдөлмөр эрхлэлт хариуцсан эксперт Феликс Вейденкаф (Felix Weidenkaff) болон Залуучуудын зохистой хөдөлмөрийн сүлжээ, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын сайн дурынхны төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар тус санаачилгын хүрээнд манай улс дахь удирдлага, зохицуулалтын тогтолцоо, арга хэмжээ, үр дүнгийн талаар хэлэлцэж, Genesis/COGNOS судалгааны байгууллага төслийн цаашдын хэрэгжилтийн талаар танилцуулав.
Манай улс Generation Unlimited санаачилгын хүрээнд нэгдсэн удирдлагаар хангах Удирдах зөвлөлийг Нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллагууд болон зарим яамдын төлөөлөлтэйгөөр байгуулж, залуучуудын хувьд тэргүүлэх чиглэл, тулгамдсан асуудлыг үнэлэн тодорхойлж, тэргүүлэх чиглэлтэй уялдсан хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулсан.
Монгол Улс Generation Unlimited санаачилга болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр (DJY)-ийн зарим зорилго, чиглэл давхцаж буйтай холбогдуулан эдгээр санаачилгын удирдлага, зохион байгуулалтыг нэгтгэсэн нь онцлог юм.
Улс орны хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь 10-24 насны залуучуудыг зорилтот бүлэгт тооцож, чанартай боловсрол, бүтээлч зохистой хөдөлмөр эрхлэлт, тэгш боломж тэгш хүртээмж, энтрепренершип, мэдээллийн дэд бүтэц, нийгмийн оролцоо зэрэг 6 тэргүүлэх чиглэлээр талуудын оролцоо, хамтын ажиллагааг тодорхойлсон.
Энэхүү уулзалтыг Нью Йорк дахь Generation Unlimited хөтөлбөрийн дэд захирал Урмила Саркарын Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд зохион байгуулсан нь онцлог бөгөөд санаачилгын хүрээнд манай улсын залуучуудын оролцоо, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд талуудын хамтын ажиллагааг сайжруулж, цаашдын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.