Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” 251 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай” Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заасан. 


Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2017 оны “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” 251 дүгээр тогтоолыг баталж, мөрдөж байна.

Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэлэлцэн баталсан бөгөөд хуулийг 2024 оны 01 дүгээр  сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 

Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ нь албан журмаар даатгуулагчийн хувьд тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, сайн дураар даатгуулагчийн хувьд 7 дахин нэмэгдүүлсэнтэй тус тус тэнцүү байна” гэж заасан.

Үүнтэй холбогдуулан “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай”  Засгийн газрын тогтоолын төслийг боловсрууллаа.

Засгийн газрын тогтоолын төсөлтэй танилцан саналаа тус яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт khorolmaa@mlsp.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Хавсралт хэсгээс тогтоолын төсөл болон танилцуулгыг бүрэн эхээр нь татаж авна уу.

Хавсралт файл
Гарчиг Татах
1 Танилцуулга
2 Тогтоол
Дээш