"ШИНЭ СЭРГЭЛТ-АХМАДЫН ОРОЛЦОО" Үндэсний чуулганаас гарсан зөвлөмж

“ШИНЭ СЭРГЭЛТ: АХМАДЫН ОРОЛЦОО”

ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ЗӨВЛӨМЖ

 

2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр                                                     Төрийн ордон

 

            Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй ахмадууд бид “Шинэ сэргэлт: Ахмадын оролцоо” үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн ивээл дор Төрийн ордны Их танхимд зохион байгуулж, ахмадуудын ахуй амьдралын нөхцөл байдал, ахмадуудын талаар төрөөс баримтлах бодлого, үр дүн, тулгамдаж буй асуудлууд, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ахмад настны оролцоог нэмэгдүүлж, шинэчлэлд хүрэх бодлого, арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Чуулганы өмнө 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулсан урьдчилсан хэлэлцүүлгүүдээс гарсан 146 саналын нэгтгэл болон чуулганд хэлэлцүүлсэн илтгэлүүд, төлөөлөгчдийн хэлсэн санал, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дэвшүүлж буй саналыг дэмжин ЗӨВЛӨМЖ гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд ахмад настны оролцоог дэмжих, тэдний хөгжил, хамгааллын асуудлаар Монгол Улсын төрийн бодлого, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чиглэсэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд:

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛД:

1.    Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан тэтгэврийг тогтмол нэмэгдүүлэх;

2.    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалт тусган батлах;

3.    Ахмадад олон улсын жишигт нийцсэн хувийн асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх;

4.    Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлах.

5.    УИХ-д ахмад настны талаарх бодлогын уялдааг хангах чиг үүрэг бүхий лобби бүлэг байгуулах.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ:

1.     Ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх, залуучуудад ахмад настны сургаал, ажлын баялаг туршлагаас суралцуулах, ахмад настныг хүндэтгэн дээдэлдэг уламжлалт ёс заншлыг залуу хойч үед өвлүүлэхэд чиглэсэн нөлөөллийн аяныг үндэсний хэмжээнд тогтмол зохион байгуулах; 

2.     Ахмад настны “идэвхтэй насжилт”-ын цогц стратеги боловсруулж хэрэгжүүлэх;

3.     Ахмад настны урт хугацааны тусламж, хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлэх төвүүдийг аймаг, дүүрэг, сумдад байгуулж, орон нутгийн ахмадын байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх;

4.     Ахмад настны эрүүл мэндийг хамгаалах хүрээнд Геронтологийн үндэсний төвийн барилгыг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг эхлүүлэх;

5.     Ахмад настны асаргаа сувилахуйн хүний нөөцийг хомсдолыг арилгаж, бүх шатны эмнэлгийг ахмадын эмч, сувилагчтай болгох, ахмад настанд хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн нэр төрөл, хөнгөлөлтийн хувийг нэмэгдүүлэх;

6.     Ахмад настанд сэтгэл зүйн хувьд дасан зохицох чиглэлээр сургалт, зөвлөгөө өгөх, ахмад настны асаргаа, халамжийн мэргэжилтэн болон сайн дурын ажилтнуудыг бэлтгэх, тэднийг урамшуулах тогтолцоог бий болгох;

7.     Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг бодитой дэмжих, Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд олгодог дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлж, хамрах хүрээг өргөжүүлэх ;

8.     Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, ахмадуудыг түрээсийн орон сууцанд хамруулах, төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх зэрэг дэмжлэг үзүүлэх;

9.     “Ахмадын сан”-ийн хөрөнгийг төсвийн зүйл анги болгон баталж, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах.

НИЙСЛЭЛ, ОРОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД:

1.    Ахмад настны мэргэжлийн холбоо, зөвлөл, клубуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тодорхой төсвийг жил бүр батлан, санхүүжилт олгох;

2.    Ахмад настны сэтгэл зүйн асуудлыг анхаарч, тэдэнд чөлөөт цагаа өнгөрөөх, нийгмийн амьдралд оролцох, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг Ахмадын хөгжлийн төвүүдээр үзүүлэх;

3.    Нийт хүн ам болон ахмад настанд эрүүл насжилтын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг хороо, багийн өрхийн эмнэлгүүдийг түшиж тогтмол зохион байгуулах;

4.    Ахмадын амралт, сувиллын үйл ажиллагааны стандартын хэрэгжилтийг хангах, үйлчилгээг сайжруулах, төсвийг нэмэгдүүлэх, амрах эрхийн бичгийн олголтын цахимжуулалтыг эрчимжүүлэх, боловсронгуй болгох;

5.    Ахмадуудыг түрээсийн орон сууцанд хамруулах, төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх;

6.    Харьяалалгүй ахмадыг сум, хороо, багууд бүртгэж, Ахмад настны тухай хуульд заасан хүндэтгэлийн арга хэмжээнд хамруулах болон бусад шаардлагатай хөгжлийн үйлчилгээ үзүүлэх;

7.    Гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртсөн ахмадуудад зөвлөгөө, хамгааллын үйлчилгээ үзүүлэх;

8.    Орон нутгийн ахмадуудыг Улаанбаатар хотод нийтийн тээврээр саадгүй үйлчлүүлэх зохицуулалтыг боловсронгуй болгох.

ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД:

10.  Ахмад настны ажил, амьдралын туршлага, чадварыг хүүхэд, залууст таниулах, ахмад залуу үеийн холбоог бэхжүүлэх, залуучуудад ахмад настны сургаал, ажлын баялаг туршлагаас суралцуулах, ахмад настныг хүндэтгэн дээдэлдэг уламжлалт ёс заншлыг залуу хойч үед өвлүүлэхэд чиглэсэн аянд нэгдэн контент, нэвтрүүлэх бэлтгэн олон нийтэд хүргэх.

АЖ АХУЙН НЭГЖ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДАД:

1.    Ахмадын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд ахмадын нийтлэг эрх ашгийг хамгаалж нэгдмэл байх;

2.    Аж ахуйн нэгж, байгууллага бүр Ахмад ажилтныг тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

3.    Ахмад настны тухай хуульд заасан “Ахмадын сан”-г байгуулж, холбогдох журмын дагуу хэрэгжилтийг хангах, харьяалах орон нутгийн захиргааны байгууллагад тайлагнах;

4.    Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг дэмжиж, цалин урамшуулал олгох

ОЛОН НИЙТ, АХМАДУУДАД:

1.    Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэхэд хамтран ажиллах, өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцах;

2.    Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэхэд залуу үедээ үлгэрлэж, эрүүл мэндийн эрт илрүүлэгт бүрэн хамрагдаж, эрүүл насжилтад бэлтгэх;  

3.    Залгамж хойч үеэ өв соёл, эрдэм боловсролыг дээдэлдэг, амьдрах арга ухаанд суралцаж хатуужсан, овог удам, эх орондоо үнэ цэнтэй иргэн болж хүмүүжиж төлөвшихөд нь дэмжин тусалж байх.

 

ШИНЭ СЭРГЭЛТ: АХМАДЫН ОРОЛЦОО”

ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД

Улаанбаатар хот

Дээш