Албан бус эдийн засгийг албажуулах төслийг нээлээ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй Албан бус эдийн засгийг албажуулах төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Төслийг ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, МАОЭНХ-ны Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар нээж үг хэллээ. 

Төсөл нь бодлогын уялдаа холбоог хангах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүртгэлийг хялбаршуулах, бизнес хөгжлийн үйлчилгээг өргөжүүлэх цогц аргачлалаар албан бус салбарт ажиллагчид болон албан бус бизнесийг албан салбарт шилжихэд нийгмийн гурван талт түншлэлийн байгууллагуудад техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 

Төслийг жижиглэн худалдаа, үйлчилгээ, мал аж ахуйн салбарт 2023-2025 онд хэрэгжүүлж, дижитал технологи ашиглан цахимаар албажуулах үйл ажиллагааны стратеги,системийн удирдамж, дизайныг боловсруулах юм. Мөн малчин, мал бүхий иргэдэд “Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай” хуулийг дагаж гарсан дүрэм журмыг хэрэгжүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, албан бусаар ажиллаж байгаа ажилтнуудад зориулан хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, маягт, зааврыг хялбаршуулсан хэлбэрээр боловсруулах, ХАБЭА-н талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, сурталчлан таниулах, албан бус ажиллагчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх чиглэлд техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлнэ.

Дээш