Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхын үнэлгээний багтай уулзлаа
НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагчийн газар болон Онцгой байдлын ерөнхий газар хамтран зөвшилцсөний дагуу НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад КАДРИ (Capacity for Disaster Reduction Initiative-CADRI) түншлэлийн үнэлгээний баг чадавхын үнэлгээ хийх юм.
КАДРИ түншлэлийн баг чадавхын үнэлгээ хийх цар хүрээг тодорхойлох зорилгоор Монгол Улсад ажиллаж байх хугацаандаа холбогдох талуудын төлөөлөлтэй уулзалт хийж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал болон мэргэжилтнүүдтэй өнөөдөр уулзлаа.
Уулзалтаар Б.Ундрал нийгмийн халамжийн тогтолцоо, онцгой тохиолдол, гамшгийн үед авч хэрэгжүүлдэг халамжийн хөтөлбөр, арга хэмжээ, олон улсын байгууллага хоорондын хамтын ажиллагаа болон Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд гамшиг, цочролын үед үзүүлэх үйлчилгээг хэрхэн тусгаж байгаа талаар багийн гишүүдэд мэдээлэл өглөө.
Энэхүү үнэлгээгээр гамшгийн эрсдэлийг бууруулах, түүний удирдлага, хууль, эрх зүйн орчин, институцийн бэлэн байдал, хүний нөөцийн чадавх зэргийг үндэсний болон орон нутгийн түвшинд илүү нарийвчлан судлах юм.