БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.
Ноён Цай Вэньруй 2020-оны 1 дүгээр сараас БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон бөгөөд үүрэгт хугацаа дууссан тул нутаг буцах гэж байгаа юм.
Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд нь цар тахлын хүнд нөхцөл байдал үүсэж, амаргүй цаг үе таарсан ч хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжин нийгэм, эдийн засгийн салбарт ахиц гарсан. Энэ бүхэнд ноён Элчин сайдын үүрэг оролцоо их байсныг сайд онцлоод цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүссэн.
Уулзалтаар, БНХАУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хооронд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барих ажлыг шуурхайлах, хүн амын насжилттай холбоотой ахмад настанд ээлтэй, тэгш хүртээмжтэй урт хугацааны тусламж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.