Журам боловсруулах ажлын хэсэг хуралдав
“Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам”-ыг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа.
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан.
Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу ХНХ-ын сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Өнөөдрийн хурлаар "Журам батлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журмын төслийг эцэслэн хэлэлцэж яамдаас санал авах ажлыг эхлүүлэхээр санал нэгдлээ.
Хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал удирдан ХНХЯ, ХХААХҮЯ, ЭМЯ, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөллүүд оролцлоо.