"Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход төр, иргэний нийгэм, залуучуудын бүтээлч хамтын оролцоо" уриатай Залуучуудын хөгжлийн үндэсний есдүгээр чуулган эхэллээ

Нэгдсэн Үндэстний байгууллагаас жил бүрийн 8 дугаар сарын 12-ны өдрийг “Дэлхийн Залуучуудын өдөр”, Монгол Улсад 8 дугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” хэмээн тэмдэглэж, асуудал дэвшүүлсэн онцлог уриагны хүрээнд шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын хөгжил оролцоог дэмжихэд хандуулдаг. 

Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын залуучуудын эвсэлтэй хамтран 

“Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход төр, иргэний нийгэм, залуучуудын бүтээлч  хамтын оролцоог бэхжүүлье!” уриан дор Залуучуудын 9 дүгээр чуулганыг  зохион байгуулж байна. 

Чуулганыг Монгол Улсын сайд, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Монголын Залуучуудын Эвслийн Удирдах зөвлөлийн дарга Т.Энхжаргал нар нээж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ. 

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэх, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, Ногоон хөгжил, ногоон ажлын байр, ур чадвар, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор залуучуудын эдийн засаг, нийгмийн байдлыг сайжруулахад тэдний оролцоог тодорхойлох, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, үр дүнг нэмэгдүүлэх, Залуучуудын хөгжлийн  талаар 2027  он  хүртэлх  тэргүүлэх   чиглэл, хөрөнгө оруулалтын чиглэлийг хэлэлцэх, Залуучуудын ардчилсан, иргэний орон зайг тэлэх сайн туршлагыг түгээх үндсэн зорилтын хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөж, нэгдсэн зөвлөмж гарах юм.

Дээш