Багахангай дүүргийн иргэд, даатгуулагчдад хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг танилцуулах уулзалт зохион байгуулав
Монгол Улсын УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багахангай, Налайх, Багануур дүүргийн иргэд даатгуулагчидтай уулзаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, иргэдийн саналыг сонсоно.
Уулзалт Багахангай дүүргээс эхэлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар нээлээ.
Уулзалтад ХНХЯ-ны газрын дарга, харьяа байгууллагуудын удирдлагууд оролцож, салбарын үйл ажиллагаа, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулан иргэдийн санал хүсэлтийг сонсож, хуулийн дагаж гарах дүрэм журамд тусгах юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2023 онд нийгмийн хамгааллын эрх зүйн орчинг сайжруулах, нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн зөрүүг ойртуулах, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Нийгмийн даатгалд 55.4 мянган ажил олгогч, 1,139.0 мянган албан журмын даатгуулагч, 164.5 мянган сайн дурын даатгуулагчийг хамруулан, нийгмийн даатгалын сангаас жилд 761.2 мянган даатгуулагчид 4.1 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардал зэрэг 34 үйлчилгээг хүргэн, эдгээр үйлчилгээний 70 хувийг цахим хэлбэрээр үзүүлж байна. Ингэснээр иргэн, ажил олгогч, даатгуулагч ndaatgal.mn даатгуулагчийн вэб, “нийгмийн даатгал” болон Е-монголиа апликейшн, өөрт ойрхон төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, ил тод, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авч байна.
Засгийн газрын 2023 оны “Итгэлцүүр шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238, “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 239 дүгээр тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулан нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр тогтоолгосон нийтдээ 488,8 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг шинэ итгэлцүүрийг баримтлан шинэчлэн бодож, 10 хувиар нэмэгдүүлэн олголоо. Түүнчлэн 7 дугаар сарын 1-ээс эхлэн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 550 000 төг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 440 000 төгрөг боллоо. Энэхүү арга хэмжээний дүнд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээ дунджаар 622.3 мянган төгрөг, 10 хувиар нэмэгдүүлэхэд дундаж тэтгэвэр 687.7 мянган төгрөг болсон.
Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 237 дугаар тогтоолоор нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325.0 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийг 275.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоов. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 12.3 хувь, 2020 оноос хойш нэмэгдүүлээгүй байсан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргааны тэтгэмжийн хэмжээ 2.2-3.2 дахин нэмэгдлээ. Түүнчлэн Монгол Улсын 0-18 насны хүүхэд бүрт (нийт 1.2 сая хүүхэд) хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгохын зэрэгцээ энэ оны 1 дүгээр сараас олгогдоогүй байсан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөн олгоод байна.