Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа

ХНХ-ын сайд Х.Булгантуяа, төрийн нарийн бичгийн дарга  Э.Ганхүү, болон бусад албаны төлөөлөгч нар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.  Энэ үеэр шинээр баригдаж буй Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн тоног төхөөрөмжийн санхүүжилт, хүний нөөцийн орон тоо, бүрдүүлэлт зэрэг асуудлаар санал солилцлоо. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат байгууллагын үйл ажиллагаа болоод шинээр баригдаж буй эмнэлгийн барилгын үйл явцын талаарх мэдээллийг өгөв. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн барилга 50 хувьтай буюу 7,8-р техникийн давхарыг цутгахаар ажиллаж байна. 

Эмнэлгийн барилга нь нийт 50 орчим ортой хэвтэн эмчлүүлэх тасагтай, орчин үеийн аппарат тоног төхөөрөмжөөр тоногдогдсон 3-р шатлалын эмнэлэг болохыг онцлоод 2024 онд эмнэлгийн барилгыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг хэллээ. 

Мөн ХНХ-ын сайд Х.Булгантуяа эмнэлгийн барилгыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулах, тоног төхөөрөмжийн санхүүжилтийн асуудалд анхаарч ажиллахаа хэлэв. Түүнчлэн мэргэжлийн эмч сувилагчдыг бэлтгэх сургах талд дээр анхаарч ажиллахыг сануулав. 

Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг нь жилд дунджаар давхардсан тоогоор 200 гаруй байгууллага 79-80 мянга орчим хүнд эрүүл мэндийн үзлэг оношлогоог суурин болон явуулын хэлбэрээр зохион байгуулсаар ирсэн. Эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх нь уул уурхай, зам тээвэр, барилгын салбарынхан байдаг. Тэр хэрээр орон нутгаас зорьж ирэх үйлчлүүлэгчид олон байдаг учраас хэвтэн эмчлүүлэх тасагтай болж байгаа нь чухал ач холбогдолтой юм. 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв нь Монгол улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг судлах, үнэлгээ, дүгнэлт гаргах, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлох, эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах, хөдөлмөр зохицуулалтын, магадлал хийх, Xөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн удирдамж чиглэл өгөx, хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон сурталчилгааны ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм.

Дээш