С.Чинзориг сайд ЕХ-ны шинжээчдийн багийг хүлээж авч уулзлаа

Европын Холбооноос гадны улс орнуудад хаягласан тусламжийн нэг нь төсөвт үзүүлэх санхүүгийн дэмжлэг. Энэхүү дэмжлэгийг  Монгол Улсад үзүүлэх боломжтой гэдгээ Европын Холбоо илэрхийлсэн бөгөөд шинжээчдийн баг илгээн санхүүгийн дэмжлэгийн болзол шаардлагатай манай нөхцөл байдал хэр нийцэж буйг судлуулж буй аж. Шаардлагыг нь хангасан тохиолдолд 50 сая еврогийн буцалтгүй тусламжийг 3-4 жилийн хугацаанд үе шаттайгаар төсөвт дэмжлэг болгон өгөх боломжтой юм байна. Шинжээчдийн багийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өчигдөр хүлээж авч уулзан Европын Холбооноос Монгол Улсын төсөвт дэмжлэг үзүүлэхээр болбол хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахтай холбоотой ямар үйл ажиллагааг явуулж болох талаар санал солилцов.

С.Чинзориг сайд Европын Холбооноос төсөвт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж буйд талархал илэрхийлээд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхтэй холбоотой хийж хэрэгжүүлж байгаа болон төлөвлөсөн ажлуудынхаа талаар товч танилцуулахын хамт Европын Холбооны шалгуурт нийцэж манай улсад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болбол мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төслүүдтэй давхцуулахгүйгээр тодорхой хоёр чиглэлд төвлөрч ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр “Ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх нь манай Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл юм. Гэвч эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр ажлын байр дорвитой нэмэгдэж чадахгүй, ядуурлыг бууруулах боломж тэр бүр олгохгүй байна. Дэлхийн банк Үндэсний статистикийн хороотой хамтран 2016 онд хийсэн судалгаагаар ядуурлын түвшин 29,6 хувьд хүрч хоёр жилийн өмнөхөөс таван пунктээр нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Ажилгүйдлийн түвшин 2016 онд 10,0 хувьтай байсан бол өнгөрсөн онд 8,0 орчим хувьтай гарч байгаа. Бүртгэлтэй ажилгүйчүүдээс гадна бүртгэлгүй, хөдөлмөрийн насны ажил эрхлээгүй хүн олон. Шалтгаангүйгээр ажил эрхлээгүй байгаа 100 мянга гаруй залуус бий. Засгийн газраас жилд 45 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөсөн бөгөөд энэ тооцоогоор ойрын гурван жилд 135 орчим ажлын байрыг шинээр бий болгох боломжтой гэж үзсэн. Эдийн засаг сайжирч, том төслүүд хөдөлж эхэлсэн тохиолдолд энэ тоо 260 гаруй мянга хүрч нэмэгдэх бололцоотой юм. Миний хувьд Европын Холбооноос санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болбол нэн тэргүүнд хөдөлмөр эрхлэх сонирхолтой нөхөрлөл, хоршоо, хувиараа аж ахуй эрхлэгчдэд нэн шаардлагатай бага хүүтэй жижиг зээлийн үйлчилгээг хүртээмжтэй хэлбэрээр олгоход зарцуулах саналтай байна” хэмээсэн. Сайдын хэлснээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт барьцаа хөрөнгө шаардахгүй, хүүгүй олгох “Итгэлийн зээл”-ийн тухай заалт бий, мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгодог ч хангалттай биш байгаа. Жижиг аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх замаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах бололцоог бүрдүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой аж.

С.Чинзориг сайдын хэлсэн хоёр дахь санал нь их, дээд болон мэргэжлийн боловсролын сургууль төгсч тодорхой хэмжээний ур чадвар эзэмшсэн залуусыг өөрөө өөртөө ажлын байр бий болгохыг дэмжих тухай байсан юм.

Манай улсын их, дээд сургууль төгсөгчдийн 50, мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчдийн 40 орчим хувь нь ажилтай болж чаддаггүй учраас ур чадварт түшиглэсэн  ажлын байрыг дэмжих шаардлагатайг сайд онцлоод “Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй хүмүүсийг 100 хувь ажилд зуучилж чадахгүй байна. Ажилгүйчүүдийн дийлэнх нь 35 хүртэлх насны залуус. Тиймээс тэднийг өөрт бий болгосон ур чадвартаа түшиглэн хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага бий. Хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг лизингээр олгодог байх, зарим тохиолдолд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд төрөөс төлдөг байх гэхчилэн олон дэмжлэг байж болно. Мөн хөдөө орон нутагт хөдөлмөрөө хоршин зохион байгуулалттайгаар ажлын байр бий болгохыг дэмжих, “Гэрээт малчин” хөтөлбөр хэрэгжүүлэх замаар мал аж ахуйн салбарт ажлын байрыг бий болгох боломж ч байгаа” гэж ярилаа.

Тэрбээр мөн Монгол Улс 1,1 сая ажиллагсадтайн 40 хувь буюу 400 мянга гаруй нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байдгийг С.Чинзориг сайд дурдаад ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд албан бус секторт хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийг ч дэмжих учиртайг тайлбарласан.

Европын Холбоо энэхүү дэмжлэгийг тухайн улс орны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулан олгодог бөгөөд үүний тулд макро эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр, төсвийн санхүүгийн менежментийн шинэчлэл, төсвийн ил тод нээлттэй байдал, хяналтын тогтолцоог бүрдүүлж иргэний нийгмийн оролцоог хангасан байхтай дөрвөн тодорхой шалгуур тавьдгаас гадна тодорхой салбарт тулгамдсан асуудлууд, сул талыг шийдвэрлэхэд чиглэсэн бодлого, бодлогын баримт бичиг стратегийг боловсруулсан байх ёстой. Мөн шинэтгэлийн бодлогыг хийх улс төрийн хүсэл эрмэлзэл чухал гэдгийг шинжээчдийн багийнхан хэлж байсан.

Дээш