Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа залуучуудын иргэний нийгмийн зарим байгууллагын төлөөлөлтэй 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр уулзаж, залуучуудын хөгжлийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээнд залуучуудын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.
Уулзалтад Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөх Ч.Ундрахбаяр тэргүүтэй албаны хүмүүс, Монголын залуучуудын эвсэл, Монголын залуучуудын холбоо, Монголын сайн дурынхны төв, “Иргэний боловсролын төв”, “Эмнести интернешнл“ олон улсын хүний эрхийн байгууллага, “Түгээмэл хөгжил” ТББ, зэрэг иргэний нийгмийн байгууллагууд, зарим төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд, тодруулбал, залуучуудын хөгжлийн зарим үйлчилгээг магадлан итгэмжилсний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх боломж бүрдсэн, гэхдээ залуучуудад хүрэх арга хэмжээ, үйлчилгээний чанар, агуулгыг анхаарах үүднээс гэрээлэн гүйцэтгэх төрийн бус байгууллагыг залуучуудын залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу тус яам магадлан итгэмжлэхээр тусгасан тухай танилцууллаа.
Ийнхүү Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуучуудын төрийн болон иргэний нийгмийн байгуулллагууд тодорхой, нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болсон нь залуучуудын хөгжлийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээн дэх цаашдын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд ач холбогдолтой юм.